Энэ онд Хэнтий аймагт 3-4 сүүний үйлдвэр баригдана
Өнөөдөр /2018.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүд орон нутагт өвөлжилтийн байдал хүндэрч байгааг онцлож, өвс тэжээлийн хангалтыг хэрхэн хүргэж байгаа асуудлыг хамгийн ихээр хөндсөн юм.
УИХ-ын гишүүн Д.гантулга
Шадар сайдыг томилогдож байх үед Зүүн аймгуудад шүлхий өвчин хүнд байгааг дуулгаж байсан. Тухайн үед нь шуурхай шийдвэр гаргаж, энэ өвчний дарж байсан. Онцгой комиссын хамт олонд талархал илэрхийлье.
Бид Хэнтий аймгийн Бэрх суманд Онцгой байдлын шинэ салбар нэгж байгуулаад, ажил нь өнөөдөр явж байна. Нэгэнт бид зардал мөнгийг нь гаргаад байгуулчихсан. Одоо тэнд шуурхай бүлгий пургон машин хэрэгцээ байгаа. Үүнийг шийдвэрлэж өгөөч. Зүүн бүс тэр дундаа Хэнтий аймаг бол отрын гол бүс нутаг болчихоод байна. Тиймээс шүүлхий зэрэг гоц халдварт өвчин гардаг. Тиймээс энэ өвчний үед ариултгал хийдэг Дүк машин бас хэрэгцээтэй байна гэж орон нутгийнхан санал байнга хэлдэг. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж салбарын яамдаас хүсэж байна.
Дээрээс нь мах сүүний аянтай холбоотой өнгөрсөн оны тайлан мэдээ, ирэх оны төлөвлөгөөгөө явуулаач гэж яамнаас нь хүссэн байгаа. Хараад байхад махны борлуулалттай холбоотой ажлууд явагдаад байдаг ч, сүүний талаар тодорхой хийж байгаа зүйл харагдахгүй байна.
21-100 хөтөлбөр бол миний ойлгож байгаагаар аймаг бүрт ЖДҮ тэр дундаа хөдөө аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг дэмжсэн 2-3 үйлдвэр, ААН байгуулагдахаар төлөвлөж байна гэж харагддаг. Тэгээхээр энэ чиглэл дээр аймаг орон нутаг руу хийж байгаа зүй бий юу?
ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг хариулав
Дүк машины хувьд ОХУ-тай энэ асуудлыг ярьж байгаа. Бид 21 аймагт бүрэн ДҮК машин авахаар оростой тохиролцоо хийгээд байгаа. Тэгэхээр 6 сардаа багтаад энэ асуудал шийдэгдчихнээ.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох
Монгол улсын засгийн газраас 2017 оны 1 сарын 1 ээс Мах сүүний анхдугаар аяныг зарлаж, хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дагуу ХХААХҮ-ын сайдын 5 зорилт бүхий 50 арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад, орон нутаг бүр өөрийн онцлогт тохируулсан төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа. Таны биелэлт авахыг хүссэн бичиг манайд ирсэн байгаа. Хариуг дараагийн 7 хоног гэхэд танд хүргүүлнээ. Сүүний хувьд Улаанбаат орчимд эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлж Улаанбаатарын сүүг хангах, цаашлаад орон нутгийн ашиглаж чадахгүй байгаа сүүг хуурайшуулж дотоод болон гадаад руу гаргахаар төлөвлөж байгаа.
Энэ хүрээнд Хөвсгөл аймагт анхныхаа үйлдвэрийг 2017 онд ашиглалтанд оруулсан байгаа. 2018 онд 24 үйлдвэр байгуулагдахаар барилгын ажил нь хийгдээд явж байгаа.
Хэнтий аймагт 3-4 үйлдвэр баригдахаар төлөвлөгдөж, барилгын ажил нь бэлэн болсон байгаа. Хэнтий аймгийн орон нутгийн өмчит сүүний үйлдвэрт хөрөнгө тусгаж, тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг нь байршуулаад явж байгаа.