Энэ удаад бид "Жолоочийн хариуцлагын даатгал ба даатгуулагчийн эрх ашиг" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол улсад Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 1 сараас эхлэн зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж өнөөдөр ямар түвшинд байгаа, даатгуулагчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг энэ хэлэлцүүлгээрээ хөндөхийг зорьж байгаа юм.
-Албан журмын даатгал бол хуулиар зохицуулагддаг даатгал учраас өөрийн компани гэхээсээ илүү зах зээл дээр болж байгаа асуудлыг ярих нь зүйтэй байх гэж бодож байна. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбоо, даатгалын компаниуд болон Замын цагдаагийн газар гэсэн хэд хэдэн талууд оролцдог.
Яг одоогийн байдлаар даатгалын компаниуд даатгалын нөхцөлийг олон нийтэд таниулан ажиллаж байна
Энэ ч утгаараа 2017 онд манай даатгалын тархалт буюу penetration rating нь 90 хувиас дээш гарсан сайн үзүүлэлттэй байгаа. Бид албан журмын даатгалыг орлого гэхээсээ илүү замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хариуцлага алдсан тохиолдолд тэр эрсдэлийг давах хамгаалалт гэж харж байдаг. Мөн хуулийн үзэл баримтлал буюу Жолооч нарыг хариуцлагажуулах асуудал энэ хуулиар бүрэн гүйцэд зохицуулагдахгүй хариуцлага алдаж байгааг хурдан шуурхай мөнгөн хэлбэрээр эрсдэлийг арилгах тал нь илүү хөгжиж байна.
-Албан журмын даатгалын тухай ярьж байгаа бол үүнийг хуулиар нь зохицуулсан байдаг. Нэг ёсондоо хохирлыг 30 хоног дотроо гаргаж өгөх ёстой. Бүрдүүлэх материал зэргийг бүгдийг хуульчилсан.
Манай компаний хувьд “Монгол уучлалт” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш хамгийн багадаа гурав хоног, хамгийн ихдээ 10 хоног дотор нөхөн төлбөр олгодог болсон. Нэг ёсондоо хуулийн хугацаанаас бид хамаагүй наана нөхөн төлбөрөө гаргаж байгаа гэсэн үг.
Дээрээс нь “Байна уу Монре” гэдэг хөтөлбөр байна. Энэ хөтөлбөр нь даатгуулагчдад гэрээ нь дуусч байгааг мэдэгдэж, даатгалыг нь хийж, нэмэлт төлбөргүй хүргэж өгдөг хөтөлбөр. Эдгээр хөтөлбөрүүдийг жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээн дээр тусгайлан гаргаж байна.
Үр дүнд нь манай компани дээр ирдэг байсан санал гомдлын тоо бараг тэг болсон гэж хэлж болно.
-Энэ асуудал дээр Замын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, Хохирол үнэлэгчдийн холбоо, АЖДХ, Даатгалын холбоо зэрэг бүх талууд уулзсан. Уулзалт дээр хүний амь насанд хохирол учруулаагүй, жижиг хэмжээний хохирол дээр бол цагдаагийн тодорхойлолт нэхэхгүйгээр үйлчлэх боломжтой тухай ярьсан.
Өөрөөр хэлбэл ослын зөв, бурууг тодорхойлж чадах эрхзүйн үндэслэлтэй байж болох уу гэдэг асуудлыг тавьсан. Энэ асуудлыг шийдсэн цагт ямар нэгэн цагдаагийн оролцоогүйгээр гэм бурууг нь өөрсдөө дүгнэж гаргаад, хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Монголын Даатгагчдын холбоогоор дамжуулж хүсэлтээ өгсөн. Хариу ирээгүй байгаа.
“Монре даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар
-Дээрх өгсөн чиглэлд “буруутай этгээдийг тодорхойлох” гэж байгаа. Буруутай этгээдийг тодорхойлдог эрх зүйн үндэслэлтэй ганцхан байгууллага нь замын цагдаа.
Мөн одоо мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн заалттай зөрчилддөг өөрөөр хэлбэл зам тээврийн осолд холбогдсон даатгуулагч нь дараах хууль болон даатгалын гэрээнд заасан үүргүүдийг хүлээдэг бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгох үүргийг хүлээхгүй байхаар зохицуулсан байдаг. Тухайлбал:
Даатгалын гэрээ болон холбогдох хууль дүрмийн дагуу даатгагч даатгуулагч нар харилцан үүрэг хүлээж эрх эдэлдэг тул дээрх хууль дүрмийн дагуу ослын газарт авах үүргээ биелүүлхийг даатгуулагчаас шаардах нь хууль зүйн үндэслэлтэй юм.
-Тийм гарц байж болно. Нэг ёсондоо Замын цагдаагийн зарим эрх үүргүүд Даатгалын компанид ирнэ гэсэн үг л дээ.
-Олон улсын зах зээлд жижиглэнгийн буюу хувь хүн рүү хандсан даатгал дээр ойролцоогоор 20-30 хувийн “moral hazard” гэсэн ойлголт байдаг. Энэ нь ямар нэгэн нөхөн төлбөр, эрдсэл үүсэх нөхцөлийг санаатайгаар бий болгох гэсэн үг.
Хэрвээ хууль хүчний байгууллага энэ даатгалаас гараад явчихвал залилан үүссэн байх боломжтой эрсдэлийг хэн үүрэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний хувьд цагдаагийн тодорхойлолт авах шаардлагагүй гэж үзээд байгаа асуудалд дээр зүгээр л хоёр хүний хоорондын зөрчил гэж шийдэх ёсгүй гэж харж байна. Өөрөөр хэлбэл даатгалын компани болон даатгуулагч нарт гарах үр дагаварыг нь тооцох ёстой юм. Тиймээс энэ асуудал дээр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа талууд бүгд хоорондоо маш сайн уялдаа, холбоотой ажиллах ёстой.
-Бидэнд тийм дүгнэлт хийх эрх зүйн хувьд бололцоо байхгүй. Үүнийг тодорхой болгож чадах боломж нь Замын хөдөлгөөний камер. Тэндээс яг ямар хөдөлгөөн хийгээд, ямар дүрмийг зөрчсөн болох нь тодорхойлж болох учраас камерыг шүүх эрх олговол үүнийг шийдэх бүрэн боломжтой. Хойд хөршид Албан журмын даатгал маш сайн хөгжсөн байдаг. Хуульд нь бүх машин урагшаа харсан, хойшоо харсан камертай байх ёстой. Камерын бичлэгээр хэний буруу, зөвийг шалгаад тодорхойлчихдог.
-Бид "Авто СОС” гэдэг компаниас үйлчилгээ авдаг. Тус компани нь хэд хэдэн даатгалын компаниудтай гэрээтэй ажилладаг. Үүсээд байгаа эрсдэл дээр хэрхэн хүрч очих вэ гэхээсээ илүү юунаас болоод эрсдэл үүсээд байгааг ярих нь зүйтэй болов уу гэж харж байна. Манай компаний хувьд “Ногоон гэрэл -Цагаан шугам”, “Хүүхэлдэйн сургалт” зэрэг сургалтыг хийдэг. Бид бүх хүмүүст эрсдэлийн ойлголтыг өгч чадахгүйгээс хойш ядаж бага насны хүүхдүүддээ замын хөдөлгөөний наад захын дүрмийг ойлгуулах, замын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж байгаа.
Даатгалын зах зээл нь манай улсын хувьд шинэ зах зээл. Бидэнд мэдэхгүй, ойлгохгүй боловч заавал давж туулах шаардлагатай асуудлууд байнга гарч байгаа. Бид энэ талаар маш өргөн мэдлэгтэй хүмүүсийг цуглуулж, ярилцаж байж нэгдмэл шийдлээр гаргана уу гэхээс биш яг нэг компаний албан бичиг, нэг хүний хэлсэн үг эсвэл сэтгэл ханамжгүй байгаа хариуцлага алдсан даатгуулагчийн хэлж ярьж байгаагаар Даатгалын зах зээлийн чиглэлийг тодорхойлж явах нь зохимжгүй.
Нэг ёсондоо зам дээр уураа барьж дийлээгүйгээс болж машин мөргөчихөөд даатгалаар төлүүлчихнэ гэдэг ойлголтой болчих болов уу гэсэн айдас байна. Дахиад хэлэхэд ер нь зам тээврийн ослыг гаргаж, давтан эрсдэл учруулж байгаа хүмүүс нь нийт жолооч нарын зургаан хувь нь л байдаг.
Тиймээс үлдсэн 94 хувьд энэ даатгал яаж нөлөөлж байгаа нь асуулт болж үлдэж байна. Монре даатгал ХХК-аас хамгийн урт хугацаанд албан журмын даатгалын үйлчилгээ авч байгаа даатгуулагч гэхэд 5 жилээр авсан байна. Тэр хүн 5 жилийн хугацаанд 3-4 удаа даатгалын тохиолдол үүсгээд нөхөн төлбөрөө авсан. 5 жил даатгуулаад явж байна гэдэг нь “Монре даатгал” ХХК-ын үйлчилгээ тэр даатгуулагчид хүрсэн болоод явж байгаа гэж ойлгож байгаа.
Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэрэгжүүлж буй бид нэг талыг орхисон байна. Тэр нь даатгуулагчид. Хууль нь өөрөө бүгдэд нь үйлчлэх хууль учраас даатгуулж байгаа хүмүүс ч гэсэн энэ хуулийг сайтар ойлгож байх ёстой. Тэгэхгүйгээр ямар нэгэн даатгалын компани түлхэж, хүчээр даатгал хийлгэсэн юм шиг даатгалыг ойлгохоор яг тэр сэтгэлээрээ юмандаа хандаад, буруу зөрүү ойлголтыг үүсгэдэг.
Хуулийг олон нийтэд зөв ойлгуулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд маш сайн сурталчлах учиртай. Тэд өөрсдөө сурвалжилж, хэвлэж, нийтэлж байгаа мэдээ мэдээллийнхээ талаар зөв ойлголт авалгүйгээр нэг талыг барьсан мэдээллийг олон нийтэд тарааснаас болж даатгалын бүх компаниудын нэр хүнд унадаг, зах зээлийн талаар буруу мэдээлэл авдаг явдлууд гарч байгаа.