Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Ц.Нямдорж өнөөдөр(2017.11.13) манай улсад айлчилж буй Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Ц.Нямдорж уулзалтын эхэнд төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсээд “Монгол, Орос хоёр улс олон жилийн түүхтэй нөхөрсөг сайхан харилцаатай ч улам идэвхтэй хөгжүүлэх шаардлага байна гэж боддог” гээд энэ удаагийн парламент байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй гишүүд хоёр улсын парламент хоорондын харилцааг өндөр түвшинд хүргэхийн тулд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.
Тэрбээр Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилкад хил орчмын бүс нутгуудын харилцааг хөгжүүлэх, Монголоос хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд гаргахад гаалийн тарифыг хөнгөлөх асуудлыг тавилаа. “2007 онд Москвад С.М.Миронов даргатай уулзахдаа энэ асуудлыг тавьж байсан ч шийдэгдээгүй, одоо хүртэл хэвээр байна” хэмээн тодотгон тэмдэглээд, Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг нарийвчлан судалж үзэх талаар саналаа хэллээ.
Хоёр улсын парламент хоорондын харилцааг сайжруулахад энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж буйгаа мөн илэрхийлэхийн зэрэгцээ тодорхой асуудлаар бодитой хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв.
Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка санал нэг байгаагаа тэмдэглээд хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын орлогч дарга К.Р.Алдаров, тус хурлын Эдийн засгийн бодлого, өмчийн хорооны дарга О.Н.Носенко, Хяналтын комиссын дарга Г.Н.Нестерович, Хурлын даргын зөвлөх Е.И.Юрчук, Дүн шинжилгээ, мэдээллийн бодлогын газрын дарга Е.В.Андреева, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа нарын албаны хүмүүс байлцсан юм.
Дараа нь төлөөлөгчидтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Г.Тэмүүлэн, Д.Гантулга нар уулзлаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан эхлээд хоёр улсын болон парламент хоорондын, хотууд хоорондын харилцаа, хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мэдээлэлдээ улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын салбарт сүүлийн нэг жилд өрнөсөн ажлуудыг танилцуулаад, хамтын ажиллагааны үр дүнд монгол малыг эрүүлжүүлэх, аймгуудад мал эмнэлгийн лаборатори байгуулах, малын гаралтай түүхий эдийг ОХУ-д борлуулах, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг урагшлуулах хөтөлбөрийн хүрээн дэх төслүүд амжилттай хэрэгжиж байгааг дурьдан, долоон чиглэлээр хамтран ажиллах санал тавив.
Тухайлбал, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргах, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хилийн бүсийн нэвтрэх чадварыг хоёр талдаа сайжруулах, боловсрол, шинжлэх ухаан, соёл, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, голын эх, ойн сав газрыг хамгаалах, Монголоор дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах тодорхой санал хэлж, хэрэгжүүлэх бодит боломж, бололцоо байгааг онцлов.
Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга Сергей Фатеевич Брилка хамтын ажиллагааны саналыг бүрэн дүүрэн дэмжиж, санал нэг буйгаа илэрхийлээд, голын эх, ойн сав газрыг хамгаалах асуудлыг онцгойлон авч үзнэ гэв.
Мөн эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын хамтын ажиллагааг дэмжиж, Эрхүү муж нь хоёр улсын хооронд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын зэрэг олон асуудлаар гүүр болон ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүс нутгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар санал нэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.