Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
2017.06.02

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолыг төслийг хэлэлцсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд, Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурав, ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн ажиллахаар хуульчилсан байна. Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна.

Үүний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгажээ.

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг нэр дэвшүүлсэн байна.

Харин Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Чимэгдагва нарыг ажиллуулахаар талууд санал болгожээ.

УИХ-ын тогтоолын төсөлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зөвлөлийн дэд даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэлийг томилохоор тусгасан аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, М.Билэгт, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар нэр дэвшигчдэд хандан “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах шаардлагатай”, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг шинэчлэх, ялангуяа жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх, нийслэлийн эмнэлгийн байгууллагуудаар явж, бодит байдалтай танилцах шаардлагатай” байгааг онцгойлон анхааруулж байлаа.

Ингээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч бүрээр явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9-79.2 хувийн дэмжлэгийг авав.