Буцалтгүй тусламжаар авчрах эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээврийн зардлыг шийдвэрлэлээ
Нийслэлин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар нийслэлийн архивт байгаа 9.2 тонн саналын хуудсыг устгах Ажлын хэсгийг байгуулах тухай, “Өргөө” амаржих газарт буцалтгүй тусламжаар ирж буй тоног төхөөрөмжийн тээврийн зардлын асуудалд дэмжлэг үзүүлэх тухай, “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөр батлах тухай болон бусад асуудпыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд, нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн саналын хуудсыг устгах тухай асуудлыг өргөн барьж, устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай саналыг оруулсан юм. Улмаар НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн Архивын газарт байгаа 9.2 тонн саналын хуудсыг устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, баталлаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өргөө” амаржих газарт Австрали улсаас буцалтгүй тусламж тоног төхөөрөмж өгч байгаа бөгөөд түүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэх зардлыг шийдвэрлэж өгөх тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр танилцууллаа.
Тодруулбал, 2016 оны зургаадугаар сард “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгээс буцалтгүй тусламжаар нярайн шарлагын аппарат, нярайн дулаацуулах ширээ, дурангын иж бүрдэл аппарат, тоног төхөөрөмж, хэт авиан аппарат, умайн хүзүүгдурандахкольпоскопиболон бусад 500-аад сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон байна.
Энэхүү төхөөрөмжийг Улаанбаатар хотод авчрах замын зардлын асуудал хүндрэлтэй байгаа учраас НИТХ-ын Тэргүүлэгчдэд хандсан байна. Ийнхүү танилцуулгын дараа энэхүү хандиваар орж ирж буй шинэ тоног төхөөрөмжийн зардлын асуудлыг НИТХ-аас гаргахаар шийдвэрлэлээ. НИТХ-ын 45 төлөөлөгч өөрсдийн зардлаас буцалтгүй тусламжаар авчрах тоног төхөөрөмжийн замын зардалд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо