Гадаадад хийлгэдэг хагалгааг эх орондоо 75-80 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломжтой болов
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир угтлаа.
2017.05.25

Гадаадад хийлгэдэг хагалгааг эх орондоо 75-80 хувийн хөнгөлөлттэй хийлгэх боломжтой болов

Монгол Улсад эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадыг зорих шаардлагатай болдог 39 нэр төрлийн өвчний жагсаалт бий. Тэгвэл эдгээрээс гурвыг нь Монголдоо эмчлэх боломжтой болж, дээрх жагсаалтаас хасч өгөхийг хүсчээ. Тухайлбал, тархины судасны судсан доогуурх мэс заслыг Монголдоо хийх боломжтой болсон таатай мэдээгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир угтлаа.

Тус хагалгааны зардал 34.3 сая төгрөг болсон бөгөөд өвчтний ар гэрээс 8-10 сая төгрөгийг гаргаж, үлдсэнийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас шийдвэрлэжээ. Эл хагалгааг гадаадад 100 мянган ам.доллараас дээш өртөгтэйгөөр хийлгэдэг байсан юм. Харин өдгөө эх орондоо хийх боломж бүрдсэн учраас Эрүүл мэндийн сайдын тушаалын 2015 оны 119 тоот тушаалаас А-1 буюу Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал, А-7 буюу Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай мальформац өвчнүүдийг хасуулах саналыг салбарын яаманд хүргүүлж  байгаагаа салбарын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр дуулгасан нь энэ.

Тус эмнэлэг сүүлийн жилүүдэд зүрх, мэдрэлийн чиглэлээр гадаадад явах урсгалыг багасгах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа аж. Тиймдээ ч эмчилгээ, оношилгоондоо 12-13 арга технологийг шинээр амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг Монгол Улсдаа анх нутагшуулан амжилттай ажиллажээ. Улмаар нийт 64 хүнд энэ тусламжийг үзүүлсэн талаар эмнэлгийн удирдлага танилцууллаа.

Сүүлийн үед зүрхний шигдээс нас баралтын тодорхой хувийг эзлэх болсон. Энэ өвчнөөр 2014 онд 40 хүн нас барсан бол 2016 онд 50 болж нэмэгджээ. Иймээс энэ төрлийн өвчнөөр өвчлөгсөд гадаад орныг зорьдог болсон байна. Зүрхний хэм алдаглын аблаци эмчилгээний зөвхөн мэс заслын зардал гадаадад дунджаар 20-40 мянган ам.долларын өртөгтэй. Дээр нь эмчилгээ, хоолны зардлаас гадна дагалдаж яваа хүмүүсийн зардал ч нэмэгддэг байна. Иймээс мөнгөгүй хүн үхлийг сонгохоос өөр сонголтгүй байсан цаг үе ард хоцорчээ. Өдгөө эх орондоо эл өвчтөн 7-8 сая төгрөг төлж эмчлүүлэх болжээ. Зүй нь Эрүүл мэндийн даатгалын сангаас мэс засалд орж буй хэрэгслийн 75-80 орчим хувийг хөнгөлж, аль болох бага өртгөөр асуудлыг шийдвэрлэж байгаа нь энэ.

Тархины харвалт болон зүрхний шигдээсээр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэж тэр тусмаа залуужиж байгаад эмнэлгийн удирдлагууд онцолж байсан. Тухайлбал, тус эмнэлэгт хоёр сар гаруй хугацаанд амьсгалын апратаар амьдарч байгаа нэгэн өвчтнийг тусгаарласан нь анхаарал татав. Тэрбээр энэ удаан хугацаанд хэвтэж байгаа ч ууц, нуруу цоорох гэх мэт хэвтэрийн өвчтөнд онцлон тохиолдох эрсдэлээс бүрэн хамгаалагдсан нь тус эмнэлгийн асаргаа сувилгаа ямар сайн байгааг илтгэж байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга энэ үеэр сайшаан хэлж байсан юм.

Гэхдээ тархины цус харвалт өгсөн тохиолдолд цаг алдалгүй 24 цагийн дотор эмнэлгийн тусламж авч чадвал муу зүйл холоор тойрохыг эмнэлгийн ажилтнууд анхааруулж байв. Одоогийн байдлаар тархины цус харвасан өвчтөнүүдээс хамгийн залуухан нь орон нутгаас шуурхай дуудлагаар ирсэн буюу дөнгөж төрөөд 2-3 хонож буй нярай байгаа аж. Аз болоход цаг алдалгүй тусламж авч, өдгөө тус эмнэлгийн алтан гарт эмч нарын буянаар хүүхдийн биеийн байдал эрс дээрдсэнийг эмчлэгч эмч нь хэлж байлаа.

Түүнчлэн энэ үеэр эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийн хүрээнд хийгдэж буй ажил үйлчилгээтэй танилцсанаас гадна тус эмнэлгийн улсын хэмжээнд үзүүлж буй Зүрхний болон тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон Тархины харвалт, Зүрхний шигдээс өвчний тархалтын талаар эмнэлгийн удирдлагууд танилцуулсан юм.

П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Хэдийд ч очсон өвчтөнөөр дүүрэн байдаг, том эмнэлэг гэхэд болно. Тиймдээ ч эмч нарын ажлын ачаалал их. Өдгөө 711 эмч ажилтантай, 454 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 18 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг бол 250 гаруй мянган хүн оношилгоо, шинжилгээ хийлгэдэг аж. Тус эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, иргэд үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүлээгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах зэрэгт зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилт нь ч иргэдэд сайшаагдаж, өндөр үнэлгээтэй байгаа аж. Эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэсэн шилэн эмнэлэг, шилэн эрүүл мэндийн байгууллага болохоор ажиллаж, энэ хүрээнд олон ч ажлыг хийжээ. Ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байсан 16 ам.метр өрөөнд “Барилгачин залуучуудын холбоо” ТББ-тай хамтран 5.5 сая төгрөгийн иж бүрэн засвар тохижилт хийн, тус эмнэлгийн зүрхний болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын дараах өрөөнүүдэд эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө болгон үйл ажиллагаанд оруулжээ. Уг өрөөнд мэс засалд орсон эмчлүүлэгчийн биеийн байдлын лавлагаа авах зориулалтын дотуур утас болон эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээллэх зориулалтын LCD дэлгэц байршуулсан байна. Үүнээс гадна мэс засал эмчилгээнд орж буй эмчлүүлэгчдийн талаарх бодит цагийн мэдээллээр эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнийг хангах зорилгоор 2, 3, 4 давхарын нийтийн эзэмшлийн хэсгүүдэд мэдээллийн дэлгэц 4, урсдаг зарын самбар 2, мэдээллийн самбар 7-г байршуулан, мэдээлэл өгөх үйл ажиллагааг тогтмолжуулсан байна.

Харин тус эмнэлгийн удирдлагуудын зүгээс өндөр өртөг, зардалтай оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээний урсгал зардлын асуудлыг төсөвт багтаан суулгахыг хүсэж байсан юм. Мөн тархи, мэдрэлийн мэс заслын хагалгааны багаж тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, оношлогооны тоног төхөөрөмжийн хангалт, чадавхийг жил бүр нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгох хуулийн хэрэгжилтийг хамруулах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг ч хүслээ.

О.МӨРӨН