Өвөрхангай аймагт 50 хүүхийн цэцэрлэг ашиглалтад оруулахаар болжээ
2017.04.12

Өвөрхангай аймагт 50 хүүхийн цэцэрлэг ашиглалтад оруулахаар болжээ

Өвөрхангай аймагт Засгийн газраас хэрэгжүүлж буй “ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ” хөтөлбөрийн хүрээнд олон талт ажил хийж эхэлжээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар өнгөрсөн онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багт 50, Бат-Өлзий суманд 75 хүүхдийн цэцэрлэг (одоогийн байдлаар 150 хүүхэд хамрагдаж буй), түүний салбар 35 хүүхдийн гэр цэцэрлэгийг Улааны аманд шинээр ашиглалтад оруулсан байна.

Түүнчлэн энэ онд Хужирт сумын цэцэрлэгт их засвар хийх, Хархорин сумын Шанх багт Франц улсын Educate нийгэмлэгийн тусламжаар 50 хүүхдийн хоёр ангитай гэр цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажлаа эхпүүлээд байгаа ажээ.

Энэ асуудлаар өчигдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар Educate нийгэмлэгийн тэргүүн Ален Гросман болон төслийн удирдагч Ж.Соёлмаа, төслийн зохион байгуулагч УДолгормаа нартай албан ёсоор уулзаж, тохиролцоонд хүрчээ. Багийн төвд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх цэцэрлэгийг мэргэжлийн багш нараар хангаж, хэвийн үйл ажиллагаа, тав тухтай байхад Я.Содбаатар гишүүний зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлсэн бөгөөд энэхүү цэцэрлэг нь Хархорин сумын улсын тэргүүний Орхон цогцолбор сургуульд харьяалагдах юм байна.

Өнгөрсөн онд Бат-Өлзий сумын Засаг дарга асан Н.Баттулгын санаачлагаар Улааны аманд II цэцэрлэгийн салбар болон шинээр ашиглалтад оруулсан гэр цэцэрлэгийг тус нийгэмлэгийн тусламжтайгаар байгуулжээ. Хархорин сумын Шанх багт барих цэцэрлэгийг ирэх наймдугаар сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.