Цалинтай чөлөө олгох болон гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн шийдвэр хэрэгжиж эхэллээ
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх юм.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ноос 2017 оны гуравдугаар сарын 01 хүртэл бямба гариг бүр ажиллана.
Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифийн хөнгөлөлт үзүүлэх журмыг баталсан. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлж байна. Засгийн газрын тогтоолд:
- Гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг 100 хувиар бууруулах
- Хөнгөлөлтөд хамрагдах хугацааг оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцох
- Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх
- Хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх зэргийг зохицуулжээ.
Тогтоолыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөх бөгөөд нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдах юм.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгосон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.