Намрын чуулган нээлтээ хийлээ -ВИДЕО-
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Хуулийн дагуу намрын чуулганыг 10 дугаар сарын нэгэнд нээдэг уламжлалтай ч энэ жил амралтын өдөр таарсан тул ийнхүү өнөөдөр нээж байгаа юм.
Энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 20 гаруй хууль тогтоолын төсөл багтсан байгаа. Эдгээр хуулийн төслүүдээс хамгийн чухал нь 2017 оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогын тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслүүд нэрлэгдэж байна.
Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ эдийн засгийн хямралыг бууруулахын тулд аль нэг нам гэж хуваагдалгүй ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй хандана гэсэн юм.
Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдын 2016 оны УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үг
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаагаа эхэлж байна. Та бид Анхдугаар чуулганаар ард түмний сонгуулийн үр дүнг баталгаажуулан Монгол Улсын Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол ээлжит бус чуулганаар улс орны санхүү, эдийн засгийн тулгамдаж буй асуудлаар хэд хэдэн чухал шийдвэрийг батлан гаргасан. Улсын Их Хурлын чуулганы энэ удаагийн завсарлагааны үеэр гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, ард иргэдийнхээ санаа бодлыг сонсон, бодит байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт хийж ирсэн байгаа.
Олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, ард иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлсээр байна. Та бид улстөржилгүйгээр бодит байдалд шударгаар хандаж чадвал бүгд ижил төстэй дүгнэлтэд хүрэх биз ээ. Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дараалан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан. Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ.
Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсны зэрэгцээ зарим барааны үнэ унаж, эдийн засагт үнийн өсөлт биш, дефляц бий болсныг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг огцом агшиж байгааг илт харуулж байгаа юм. Сангийн яам, Монголбанкны зүгээс мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Ийм нөхцөлд макро эдийн засгийн зохицуулалтаа оновчтой болгон, хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал юм.
Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод олон жил болж байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсон. Улстөржсөн хоосон хэрүүл тэмцлээ зогсоож, ажлаа эхлүүл гэдэг үүрэг, даалгаврыг ард түмэн сонгуулиар бидэнд өгсөн. Дөрвөн жил өнгөрсний дараа хийж амжаагүйдээ халаглан, харамсаж суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газарт аль алинд нь тавигдаж байна. Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя. Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын сонгуулиар парламентад нэг нам үнэмлэхүй олонхи болсон. Хяналт тавих боломжгүй боллоо гэж шүүмжлэх өнгө аяс ч сонсогдож байна. УИХ аливаа алдаанаас ангид биш гэдгээ мартаж болохгүй. Анхдугаар чуулганаар бид УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. УИХ-ын бүтцийн байгууллага-Байнгын хороодод цөөнхийн төлөөллийг аль болох хүртээмжтэй оруулах бодлого баримталсан гэдгийг ард түмэн харсан, ойлгосон байх. Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртээ тэдний санал, үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг мөн. Олонхиороо түрээ барьж, хүчээр асуудлыг шийдвэрлэх нь улс оронд ямар хор уршигтайг өнгөрсөн УИХ-ын жишээн дээрээс бид харсан.
Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй, харин зөвхөн “Зөв арга зам” л байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Бидний монголчуудад XXI зууны гараан дээр олон улсын тавцанд улс төр, эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний ашиг, сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж, Монголоо гэсэн чин сэтгэлээр ажиллаасай гэж улстөрчдөөс хүсэж байна.
Бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна. Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засаж сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болжээ.
Иргэдийн оролцоо хяналт нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэн чухал билээ. Төр засгаас авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд олон нийтийн хяналтыг бий болгож, бэхжүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй байна.
Албан тушаалтны баталж буй тушаал, шийдвэр, байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогод иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ намрын чуулганааар батлах нь зүйтэй байна.
Зөвхөн сайхан үзэл баримтлалтай хууль хангалтгүй. Харин хуулийг хэрэгжүүлэх механизм, хүний нөөц, хөрөнгө санхүү зэрэг хүчин зүйлүүдээ сайтар тооцон, амьдралын шаардлагаас урган төлжсөн хуулийг УИХ батлан гаргах шаардлагатай байна. Сүүлийн үед батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн шийдвэрээр тогтоогдох нь энгийн үзэгдэл боллоо. Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төслүүд шаардлага хангахгүй байгааг нуух хэрэггүй. Тухайлбал саяхан УИХ-аас Засгийн газарт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд анхны болон эцсийн хэлэлцүүлгийн шатанд нийт 536, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийг хэлэлцүүлэхэд 252 зарчмын зөрүүтэй болон найруулгын санал гарч байсан байна. Энэ нь Засгийн газраас боловсруулж оруулж ирсэн хуулийн төслийн анхны үзэл баримтлал үндсэндээ байхгүй болсон гэсэн үг юм. Энэ чуулганаар урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хэлэлцэж батална.
Засгийн газар хууль санаачлагчдаас санаачлан хэлэлцүүлэх хуулийн төслүүдийг бодлогын хувьд нэгтгэн, ингэхдээ бодлогын уламжлалыг хадгалах, аль болох тогтвортой байх зарчмыг баримтлахын сацуу шинэчлэлийг нийгмийн харилцааны ямар салбарт түлхүү авч үзэх шаардлагатайг тодорхойлно. Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнүүлж, сонгогчдодоо тайлагнахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилж батлуулсан хуулиудынх нь нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, бодлогын залгамж байдлыг хэрхэн хангасан болон дэвшил хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, үр дүнтэй нь холбон дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа 2017 оны төсөв, мөнгө, эдийн засгийн бодлогын шийдвэрүүд дээр УИХ-ын гишүүд бид бүхэн оюун бодлоо уралдуулан, аливаа улстөржилт, субъектив хүчин зүйлээс ангид байж, асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг улс орны нөхцөл байдал, улс үндэсний эрх ашиг зүй ёсоор шаардаж байна.
Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртай. Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад амьдралд нийцэхгүй асуудлууд гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулахаар хуульчилсныг дахин авч үзэх, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон зохицуулалттай байх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулахаар төлөвлөөд байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль удахгүй болно. Энэ сонгуульд улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчээ өрсөлдүүлнэ. Ажлын арвин туршлагатай, мэдлэг боловсролтой, шударга, өндөр ёс суртахуунтай, олондоо танигдаж хүндлэгдсэн хүмүүс сонгогдон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах нь Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн байгууллагын эрхэм үүрэг мөн.
Энэ жил бичин жил. Өвөл хаяанд ирлээ. Өмнө тохиож байсан бичин жилүүдийн хатуухан сорилтыг байнга санаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар базаах талаар малчин, тариаланчид, орон нутгийн иргэд хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаад эргэлзэхгүй байна. Төр, орон нутгийн бүх шатны байгууллагууд энэ чиглэлээр өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, цаг тухайд нь шуурхай зохицуулалтаар хангах нь нэн чухал гэдгийг сануулъя. Нийслэлийн иргэдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод удаж байгаа хотын утааны асуудалд Засгийн газар, нийслэлийн удирдлага хамтран ажиллаж бодитой үр дүн гаргахыг иргэд хүсэн хүлээсээр байгаа гэдгийг сануулан хэлье.
Эрхэм гишүүд ээ,
Намрын чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэж, улс орны хөгжил дэвшилд түүхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Чуулганы болон Байнгын хорооны ажиллагаанд идэвхтэй оролцон, үр бүтээлтэй ажиллахыг эрхэм гишүүд та бүхнээс хүсье.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.