Зөвлөлдөх уулзалт боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийж, Улаанбаатар хотын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцууллаа.
Хотын удирдлагуудын зүгээс гишүүдэд хандан нийслэлийн иргэдийн амьдрал ахуй, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд байнга хамтран ажиллахыг хүссэн юм.
Хотын даргын танилцуулснаар Улаанбаатар хот 1 сая 345 мянга 500 хүн амтайгаас 73 хувь буюу 981 мянга 456 нь хөдөлмөрийн насны иргэн байгаа юм. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 152 хороотой. Хамгийн олон хүн амтай нь Баянзүрх дүүрэг 320 мянга 852 хүн амтай байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг нийслэл хотын хүн ам 1960 оноос хойш 10 дахин нэмэгдсэн байна.
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотод 43 мянга 490 аж ахуйн нэгж, 331 мянга 564 автомашин бүртгэлтэй байна. Мөн 92 их, дээд сургууль, 220 ерөнхий боловсролын сургууль, 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
2016-2017 оны хичээлийн жилд нийтдээ 56 мянга 770 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 63 хувь нь төрийн өмчийн, 37 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэг байна. Нийт 100 мянга 728 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Энэ нь хамран сургалт 69 хувьтай байна гэсэн үг юм.
Харин ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 237 мянган хүүхэд суралцаж байна. Сургуулиудын хувьд нийт хүчин чадлаасаа 20 хувь илүү суралцагчтай байгааг хотын дарга танилцууллаа. 30 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжид шилжүүлэх зорилт тавьснаа хотын дарга С.Батболд хэллээ.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 21 хувийг орон сууцны хороолол, 79 хувийг гэр хороолол эзэлж байна. Харин нийт хүн амын 41 хувь нь орон сууцны хороололд, 59 хувь нь гэр хороололд амьдардаг судалгаа гарчээ. Орон нутгаас шилжиж ирж байгаа иргэдийн дийлэнх нь гэр хороололд суурьшдаг.
Үүнийг дагаад гэр хорооллын цахилгаан хангамжийн асуудал тулгамдсан асуудал болоод байгаа юм. Цахилгаан хангамжийн талаарх судалгааг нийслэлийн 6 дүүрэг, Налайх, Төв аймгийн 10 мянга 59 өрх хамруулсан байна. 120 байршлын 8363 өрхийн цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг хийлгэжээ.
Дээрх айл өрхүүдийн цахилгаан хангамжид шаардагдах 14,7 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Мөн их тойруу цахилгаан дамжуулах шугам, дэд станц төслийн явц болон дулааны шугамуудын насжилт, өргөтгөл шинэчлэлт, төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Үүнээс гадна Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай нэн тэргүүний асуудал нь агаарын бохирдолыг бууруулах ажил болохыг онцоллоо. Утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах ажил өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд удааширсан. Өнөөдөр ч Улаанбаатар утаа ихтэй хотуудыг тэргүүлсээр байгаа юм. Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах ажлыг тууштай явуулж, үргэлжлүүлнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга хэллээ.
Харин төсвийн талаар “Улаанбаатар хот улсын төсөвт 70 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Улсад төвлөрүүлэх орлогын дийлэнхийг ХХОАТ-аас бүрдүүлдэг. 2016 оны 7 дугаар сарын байдлаар хотын төсөв 78,4 тэрбумаар тасраад байна.
Оны эцэст 100 орчим тэрбум төгрөгөөр тасалдах дүр зураг харагдаж байна. Гэхдээ эдийн засгийн хямрал гээд зовлон тоочихоос илүүтэй хотын удирдлагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж, ажлын байр нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлнэ” гэлээ. Нийслэлийн төсвөөс энэ онд 221,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үүнийг салбараар авч үзвэл хамгийн их буюу 104,6 тэрбум төгрөгийг хот байгуулалтын салбарт, 60,4 тэрбум төгрөгийг авто замын салбарт, 33,9 тэрбум төгрөгийг нийгмийн салбарт, 7,5 тэрбум төгрөгийг хот тохижилтын салбарт гэх мэтээр хөрөнгө оруулалт хийжээ. Нийслэлийн эрх зүйн орчныг засах, зарим хуулийг өөрчлөх шаардлагатайг ч төрийн түшээдэд дуулгасан.
Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Мөн хотын эрх зүйн байдал тодорхой бус, Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нийслэлээс хараат байгаа, хотын эрх хэмжээний асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийддэг.
Бусад улсуудын жишгээр бол ерөнхий төлөвлөлт, хотын татвар, бонд, газрын үнэ зэргийг хот өөрөө тогтоодог. Энэ мэт эрх зүйн байдалтай холбоотой хүндрэлүүд их байгааг хэлж байна. Хот өөрийгөө тэтгэх эдийн засагтай байх ёстой. Татвараа бүрдүүлж, хувь хэмжээг нь тогтоох зэргээр бие даасан эдийн засгийн орчин хэрэгтэй гэлээ.
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан, тэдний эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хот өөрийн гэсэн дүрэмтэй байх нь илүү үр дүнтэй гэж харж байна. Хотын багц дүрмийг боловсруулах замаар эрх зүйн шинэ зохицуулалт бий болгохоор төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танилцууллаа.
Нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээж, төр түшилцэж байгаа гишүүд ч иргэдийн сайн сайхны төлөө хотын удирдлага, шат шатны байгууллагатай нягт хамтран ажиллахаа зөвлөлдөх уулзалтын үеэр мэдэгдсэн юм. УИХ-ын 2016 оны сонгуулиар анх удаа парламентад 28 гишүүн сонгогдон ажиллаж байна. МАН, АН, бие даагч гээд улс төрийн нам, эвсэл үл хамааран Улаанбаатар хотоо хөгжүүлэх нэг зорилго бий.
Тиймээс Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа агентлагийн газар, хэлтсийн дарга нар “Нийслэл хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилт”-ын талаараа УИХ-ын гишүүд болон НИТХ-ын төлөөлөгчидтэй “Зөвлөлдөх уулзалт“ хийж, хотын хөгжлийн асуудлаар санал солилцсон юм.
УИХын гишүүд ч Нийслэлийн удирдлагуудын барьж байгаа бодлогыг дэмжиж, эрх зүйн орчинг шинэтгэж, бие даан хөгжих бодлогыг дэмжихээ илэрхийлсэн. Нэг зорилгын төлөө нэг баг болон ажиллана гэдгээ ч “Зөвлөлдөх уулзалт”-ын үеэр ярилцлаа.
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг удахгүй НИТХ аар хэлэлцүүлнэ. Ингэснээр ирэх дөрвөн жил хотод ямар ажлууд хийгдэж, хэрэгжүүлэх нь тодорхой болно гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ