Ж.Энхбаяр: “Стэнд бай” хөтөлбөрийг нууцаар хэрэгжүүлэх боломжгүй
УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхий сайд болон ангийн сайд нар Монгол улсынхаа одоогийн төсөв санхүү, өр зээлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод хүргэснээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг улам дордуулсан гэх зэрэг шүүмжлэлд өртсөн. Та ямар бодолтой байна вэ?
-МАН засгийн эрхийг авч, Засгийн газраа байгуулаад сар орчим болж байна. Энэ хугацаанд Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн талаарх тоо баримт, статистик гол үзүүлэлт зэрэг мэдээллийг яг бодитойгоор мэдэх боломж бүрдлээ.
Урьд өмнө нь энэ талаар бидний авч байсан олон тоо баримт үүнээс өөр байсныг бид мэдлээ.
Ялангуяа өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөв санхүүгийн болон Төсвийн тухай хууль зөрчсөн байдал Монгол Улсын зээлийн босго, авч ашигласан зарцуулалтын байдал гээд маш олон зүйл бид нарын авч байсан мэдээллээс тэс өөр байсан.
Шулуухан хэлэхэд бид нарын бодож байснаас хэд дахин муу үзүүлэлт, дүр зураг гарч ирлээ. Монголчууд бид нийгэм эдийн засгийн хүнд сорилтыг давж гарах болж байх шиг байна.
Энэхүү сорилтыг даван гарахын тулд Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг ард түмэндээ үнэн зөвөөр нь хэлэх ёстой. Хэлэх нь зөв гэдэгтэй улстөрчийн хувьд миний байр суурь нэг байна.
Бодит эдийн засагт учирсан нөхцөл байдлыг ил тод мэдээлснээр бид нийт ард түмнээрээ нэг зорилго, нэг зүг рүү хамтраад зүтгэх ёстой боллоо.
-Улсынхаа төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг аль аль талдаа мэдээд авчихлаа. Одоо тэгвэл хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?
-Юуны өмнө эдийн засгийн уналтыг зогсоох эхний ээлжийн бодлого хэрэгтэй байна. Эдийн засгийн уналтыг богино хугацаанд, яаралтай зогсоохгүй бол цаашид улам гүнзгийрэн унаж байна.
Тухайлбал, сүүлийн үед унаж буй ханшийн уналтыг хүн бүр мэдэж байгаа. Үүнээс улбаалж гадаад худалдааны тэнцэл, валютын нөөц, Монгол Улсын эдийн засаг болон банк санхүүг хамарсан томоохон хямралт нөхцөл байдал цаашид гүнзгийрч үргэлжлэх нь тодорхой болоод байна.
Тэгэхээр нэгдүгээрт, эдийн засгийн уналтыг яаралтай зогсоох, улмаар тогтворжуулах. Үүний дараа сонгуульд амласан мөрийн хөтөлбөрийнхөө заалтуудыг дэс дараалалтай хэрэгжүүлэх, эдийн засгийг өсгөх, тэлэх зэргээр үе шаттай зөв бодлого явуулах ёстой гэж үзэж байна.
Засгийн газар төсвийнхөө тодотголыг өргөн барилаа. 2016 онд баталсан улсын төсөв хэрэгжих боломжгүй болсон гэдэг нь ил боллоо. Тодотгол ороод ирэхээр бүх тоо баримт олон түмэнд илүү нээлттэй болно. Ингээд бид тодотголоороо өнөөгийн төсөв, санхүүгийнхээ байдлыг бүр нэлээд сайн мэдэж авч, алдаа, оноогоо ярилцана.
Бид Хөгжлийн банк, Монголбанк, Засгийн газрын зарцуулсан төсөв мөнгөтэй холбоотойгоор шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан, тэд эхлүүлчихээд байна.
Үүгээр олон зүйл ил болох нь. Энэ мэтчилэн төсөв санхүүгийнхээ сахилга батыг сайжруулчхаад намрын чуулганаар 2017 оны Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв болон мөнгөний бодлого зэргийг батлаад явна шүү дээ.
Энэ удаагийн төсвийн тодотгол дээр та бүхэн маш олон зүйлийг мэдэх ёстой. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн олон түмэнд зөв хүргэж өгөх нь чухал шүү.
-УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулган хэд хоног үргэлжилж, хэчнээн асуудлыг хэлэлцэхээр байна вэ. Эцсийн найруулгыг сонсч, батлах хуулийн төсөл нэлээд байгаа болов уу?
-УИХ-ын ээлжит бур. чуулган маргааш / өнөөдөр/ эхэлж, есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хуралдана. Энэ хугацаанд амжиж нэлээд асуудлыг шийдэх ёстой.
Нийт 23 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Онцолж хэлбэл, батлан хамгаалах салбарын багц хууль. Үүнийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, батална.
Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэлээ бид хэлэлцэж батлан үр дүнг нь тавих ёстой. Мөн 2016 оны улсын төсвөө тодотгохоос аргагүй байдал үүслээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг маш олон асуудлыг хэлэлцэн батална.
Ялангуяа татварын чиглэлийн хуульд нэлээд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газраас оруулж ирсэн байна лээ. Хамгийн гол нь Засгийн газрыг өргөн барьсан Мөрийн хөтөлбөр, улсын төсөв хоёр хоорондоо уялдаж орж ирэх ёстой. Үүнийг харж байна.
-Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох, оюутны 70 мянгыг зогсоох зэргээр бүсээ чангалсан олон заалтыг Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулсан байна. Үнэхээр ийм хэмнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн үү?
-Нийгмийн халамж, зардал тойрсон олон асуудал орж ирсэн. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв, үүнийг танахаас өөр аргагүй байдалд орсон уу зэрэг олон асуултыг Засгийн газраас асуухаар бэлтгэж байна, Үүнд Засгийн газар маань мэдээллийг ил тод өгөх байх.
Дахин хэлэхэд өнгөрсөн жилүүдэд төрийн эрхийг барьж байсан Засгийн газар төөрөгдүүлсэн маш олон худал мэдээллийг УИХ болон ард түмэнд өгч байсан юм байна.
Манай улсын орлого, зарлага, өр ямар байгаа, бидний боломж чадавх ямар төвшинд байгаа зэрэг талаарх бодит тоогоо Засгийн газар оруулаад ирнэ. Экспортын гол орлого олдог уламжлалт уул уурхайн нэрийн бүтээгдэхүүний үнэ үндсэндээ дэлхийн зах зээл дээр уналт үзүүлсэн хэвээрээ л байна.
Монгол Улс валютын нөөцөө үндсэндээ бүрэн бараад дууссан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдсэн. Орлого, төсвийн болон бусад татварын орлого үндсэндээ бүрдэж чадахгүй болсон.
Экспорт буюу уул уурхайн орлого төлсөн хэмжээнд хүрэхгүй болсон. Гэтэл улс төрийн сонгуульд зориулсан зардлууд маш олон хувийн зөрчилтэйгөөр эрс нэмэгдсэн. Үр ашиггүй зарцуулсан асуудал гарч ирсэн. Энэ зүйл дээр Засгийн газар тооцоо судалгаа хийж өргөн барьж байна. Үүнийг л бүгдээрээ олон түмнийхээ нүдэн дээр ил тод ярина даа.
Гэхдээ одоо бол зөв, буруу гэж ярих нь эрт байна. Яагаад ийм асуудал оруулж ирэв гэдгийг үндэслэл, нөхцөл байдлын тооцоог нь сайн үзнэ. Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барьчихсан гэдэг маань тухайн асуудал Засгийн газраас УИХ-ын мэдэлд шилжиж ирлээ гэсэн үг.
Тэгэхээр УИХ хурал ирэх долоо хоногоос УИХ болон байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголыг авч хэлэлцэнэ. Үнэхээр ийм шаардлага байгаа эсэхийг УИХ болон байнгын хороод нээлттэйгээр ярьж эхэлнэ Тэгэхээр их олон зүйл тодорхой болно.
-Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд Олон улсын валютын сантай хамтарч, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Зарим нь бүр Засгийн газрыг нууцаар хэрэгжүүлээд эхэлчихсэн ч гэж ярьж байна?
-Энэ асуудлаар эцсийн шийдвэр гараагүй байгаа. Зөвхөн ийм хувилбар байж болох уу гэдгийг л ярьж байна. Энэ чиглэлээр ярилцлага, уулзалтыг зохион байгуулж байна. “Стэнд бай” буюу тогтворжуулах хөтөлбөр.
Үүнийг хэрэгжүүлнэ гэдэг бол үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, төсвийн байдал хяналтаас гарсан, бид зохицуулах аргагүй боллоо, дотоод нөөц чадавхиа ашиглах боломжгүйгээ хүлээн зөвшөөрч, олон улсын тусламжийг хүсч байна гэсэн үг. Эдийн засаг тогтворжуулах хөтөлбөрийг нууцаар хэрэгжүүлдэг зүйл биш.
Олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хэрэв “Стэнд бай” хөтөлбөр шаардлагатай бол ил тод хэрэгжүүлэх ёстой. Тиймээс уг хөтөлбөрийг авах уу, өөрийн нөөц бололцоогоор хямралыг давах уу, ямар арга зам байна зэрэг олон асуудлыг ярина.
Өмч хувьчлал, гадаадын зээл тусламжийн хэмжээ ямар байгаа, Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь чадавхи, олон улсын зах зээлд бонд гаргах нөөц, үнэлгээ ямар байгаа бүх үзүүлэлтийг авч үзсэнээр ирэх долоо хоногт бүх зүйл ил болно. Хамгийн чухал баримталж байгаа зүйл бол МАН мэдээллийг нууж, хуурахгүйгээр олон түмэнд ил тод өгөх юм.
-Олон улсын аль нэгэн байгууллагаас дэмжлэг авахгүйгээр дотоодын нөөц бололцоогоо ашиглах боломж манайд бий юү?
-Олон бололцоо бий. Сайн дайчилж чадвал өнөөгийн нийгэм, эдийн засгийн хямралаас гарах бололцоо манайд байна. Хамгийн гол нь сайн дайчлах л хэрэгтэй.
-Сайн дайчлах гэж та юуны талаар ярьж байна вэ?
-Бид томоохон хувь эзэмшлээсээ татгалзаж болно. Жишээлбэл, Оюутолгой болон Эрдэнэтийн хувийг зарж болно. Томоохон орд газрыг зарж, өмч хувьчлалыг өргөн дэлгэр явуулж болно.
Ер нь дотоодын нөөцийг нэлээд шавхах байх. Төрийн байгууллагыг цомхотгож, орон тоог багасгах хэрэгтэй болно. Түүнчлэн төрийн бусад зардлыг багасгах шаардлага гарч болно.