Нийслэлийн МАН-ын хороо нэр дэвшигчдээ бүртгүүллээ
Нийслэлийн МАН-ын хорооныхон
2016.05.13

Нийслэлийн МАН-ын хороо нэр дэвшигчдээ бүртгүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооныхон НИТХ-ын сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчийнхээ материалыг өчигдөр нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүллээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй НИТХ-ын сонгуульд намын штабаа удирдаж оролцох бөгөөд өмнөх зургаан сонгуульд оролцсон хэвшмэл бүтцийг энэ удаад эвдэж, салбар бүрт амжилт гаргасан чадварлаг, баялаг бүтээгч залуучуудаар багаа бүрдүүлжээ.

Тухайлбал, тус намаас нийслэлд МАН- ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монголын Оюун ухааны акадөмийн захирал Х.Хатанбаатар, Токиогийн технологийн их сургуулийг төгсөгч, доктор Ц.Байгалмаа, “Торгоны зам" сан, “Монгол АйДи Групп” ХХК-ийн ерөнхий захирал М.Халиунбат, олон улсын эрх зүйч Ц.Арилдийпүрэв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан С.Мөнхчулуун, Багануур дүүргийн засаг дарга асан Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын залуус бусад намын нэр дэвшигчтэй өрсөлдөхөөр болжээ. Эдгээр нэр дэвшигч хугацаа хэтэрсэн өргүй, банкинд зээлгүй, ял шийтгэлгүй байх зэрэг Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлжээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид тавдугаар сарын 12-ны 17.00 цагаас өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. Энэхүү хуулийн дагуу нийслэлийн МАН хорооныхон үүргээ биелүүллээ.