Тэтгэврээс бага цалин авч таарахгүй
2016.05.05

Тэтгэврээс бага цалин авч таарахгүй

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог Засгийн газрын сайдын цаг уулзалтад өнөөдөр /2016.05.05/ Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ. 

Хуулиараа хоёр жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-г шинэчлэн баталж байх ёстой ч сүүлийн хэдэн жил дараалан мөрдөгдөөгүйг саяхан өөрчилжээ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 байсныг 240 мянган төгрөг болгож, 25 хувиар нэмэгдүүлсэн байна.

Шинэчлэн тогтоосон ХХДХ-г ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Өнөөдөр манай улсын бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 төгрөг байсан нь ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн нь тэтгэврээс доогуур цалин авах нөхцлийг бий болгож байсан аж. Иймээс тэтгэврээс бага цалин авч таарахгүй хэмээн үзэж, мөн Олон улсын Хөдөлмөрийн конвенцид заасан заалтаа мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гурван талт хэлэлцээрээс гаргасан байна.

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45 хүртэл хувиар нэмэх санал гаргасан бол Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо эдийн засаг хүндрэлтэй үед энэ нь ажил олгогчид хүндээр тусна хэмээн үзсэн учраас талууд саналаа нэгтгэн зөвшилцсөнөөр 25 хувиар нэмэх шийдвэрт хүрчээ. Ийм шийдвэр гаргахад мөн Хөдөлмөрийн яамнаас бүтэн жилийн турш хийсэн судалгаа бас нөлөөлсөн байна.  Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 55 мянган иргэн бий гэсэн судалгаа байна.

Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ. Уг жагсаалтад барилгын талбай дээрх бүх төрлийн ажил, мөн жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах, шөнийн цагаар архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон циркийн, ардын урлагийн үзүүлэх ажил, авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажлуудыг багтаажээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 100 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй нь хүнд хортой хөдөлмөр эрхэлдэг тул олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон 2016 онд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгахыг бүх нийтэд хандан уриалж буй аж.

Мөн бичил бизнесийг дэмжих зорилтот хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан 2016-2018 оны хооронд 66 мянган ажлын байр шинээр бий болгохоор зорьж ажиллаж байгаа юм байна. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Төсвийг тодотгох хүрээнд цалинг нэмэхэд зориулж 90 тэрбум төгрөг тусгуулахаар Сангийн яаманд саналаа хүргүлсэн гэж хэллээ. 2015 онд цалин нэмэх гээд чадаагүй. Хэдий үеэс цалинг нэмнэ гэж тооцоолж 90 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгахаар санал оруулж байгаа юм бэ. Төсвийн алдагдал их байна гэх ачааллыг нь даах юм уу?

-Хөдөлмөрийн яам Монгол хүний цалин хөлсийг нэмүүлэхийн төлөө байр суурь барьж ажиллаж байна. Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлуулахдаа энэ асуудлыг суулгах ёстой. Гадаад, дотоодоос аль нэгнээс эх үүсвэр олоод 90 тэрбум төгрөгөөр цалинг нэмэх ёстой. Цалин хөлс нэмэгдсэн нөхцөлд тухайн цаг үеэсээ тооцогдоно.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлээр дамжуулж малчдыг бэлтгэж эхэлсэн юм байна. Хичээлийн хөтөлбөрт нь юу багтдаг юм бол, хэн хичээл заадаг юм бэ?

-Орчин цагийн хөгжлөө дагаад малчид мал аж ахуйгаа хөтөлж явуулахын тулд суралцах шаардлага байгаа. Малчин бол мэргэжил юм аа гэдэгтэй малчид өөрсдөө санал нэгдэж, суръя, боловсроё гэж санаачилга гаргаж байгаа. Ийм учраас малчин залуучуудад дадлага туршлагатай, Хөдөлмөрийн баатар малчнаар хичээл заалгадаг. Малчин хүн өөрөө үйлдвэрлэгч, экспортлогч байх ёстой. Хөдөө аж ахуйн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүнийг яаж боловсруулах вэ, малын гаралтай өвчний эхний шинж тэмдгийг мэдэх. Ухаалаг гар утсаараа мал аж ахуйн салбарт хамаарах мэдээлэл авч Төрийн банктайгаа холбогдох гээд амьдралаас олон зүйл шаардаж байгаа. Энэ бүх чиглэлээр хичээл заана. Гэхдээ хичээлийн хөтөлбөрийн ихэнх нь практикт тулгуурлана.

Хөдөлмөрийн яам хөдөө орон нутаг дахь 35 хүртэлх насны малчдыг дэмжих зорилгоор тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Уламжлалт мал аж ахуйн салбарыг авч яваа залуучуудаа бэлтгэх зорилготой юм. Энэ хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Малчны ангид суралцаж төгссөн залуучуудыг нэн тэргүүний ээлжинд Малчдыг дэмжих хөтөлбөрт хамрагдах эрх нь нээгдэхээр шалгуур мөн тавьж байна. Цаашид зарим залуус малжих хөтөлбөрт хамрагдаад хөдөө аж ахуйн салбарт ажиллах боломжоор хангах бодлогыг ч салбарын яам хэрэгжүүлнэ.

-Барилга, уул уурхайн салбарт ажилгүй болж байгаа иргэдийн тоо өсөн нэмэгдэж байна. Өмнөх жилтэй харьцуулахад ажилгүйдлийн төвшин ямар байгаа вэ. Монгол хүний ажлын байрыг хамгаалах чиглэлд салбарын яам ямар бодлого дэвшүүлж ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн бүтцийг авч үзвэл хөдөлмөрийн зах зээл улирлын чанартай байгаа. Зуны улиралд ажлын байр нэмэгддэг, өвөл болоход олон уурхай, барилга зогсдог. Энэ үед ажилгүйдлийн төвшин нэмэгддэг. Тийм учраас нэмүү өртөг шингэсэн олон ажлын байр шингээж чадах үйлдвэрлэлийн эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлагатай. Хөдөлмөрийн яамнаас ойрын хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогыг ойрын хугацаанд оруулж хэлэлцүүлнэ.Түүнд улирлын чанартай эдийн засгийн бүтцээсээ салах бодлогыг тусгаж өгсөн. Батлагдаад хэрэгжээд эхлэхээр энэ сул талыг засаад явах боломжтой.

Ажлын байрыг хадгалах хамгаалах, шинээр бий болгох чиглэлээр Хөдөлмөрийн яамнаас есөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Түр ажлын байр бий болгох, ахмадууд руугаа хандсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хандсан, 35-аас дээш насныханд хандсан, оюутан залуучууд руу хандсан хөтөлбөр гэх мэт. Эдгээр хөтөлбөрүүдээ өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж олон иргэдийг энэ хөтөлбөрт хамруулах зорилго тавьж байна. Зорилго биелж байна, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо өмнөх жилийнхээс 20-30 хувиар өссөн.

Гаднаас ажиллах хүчин авахыг өөгшүүлэхгүй байгаа. Одоогоор 7262 гадаадын ажиллах хүчин ажиллаж байгаа нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. Мэргэжлийн боловсрол сургалтын төвөөр дамжуулж 45 мянган ажиллах хүчин бэлтгэж байна, их, дээд сургуулиар дамжиж 20 мянган залуус төгсөж байна. Эдгээр залуучуудаа эхний ээлжинд ажлын байраар хангах ёстой. Монгол залуучуудаа ажлын байраар хангая гэсэн зорилгоор энэ бүх бодлого хэрэгжиж байна.

-Оюутолгойд та саяхан ажилласан, юу шийдэв?

-Оюутолгой дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Тус төвд суралцсан монгол залуус Австрали улсын мэргэжлийн сургалтын сертификаттай төгсөж байгаа. Хоёрдугаар зэрэглэлийн. Үүгээрээ Оюутолгойд ажиллах боломжтойгоос гадна Австрали улсад ажиллах боломжтой. Австрали улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар ирж манай залууст хичээл заасан нь Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа залуус дэлхийн бусад улс гүрэнд хүлээн зөвшөөрөгдөх ажилтан болж бэлтгэгдэж буйн нэг илрэл. Оюутолгойд монгол залуус ажиллаж, өндөр цалин авч байна. Гэхдээ нийгмийн асуудал орхигдсон харагдсан.  Олон жилийн өмнө Оюутолгойд очиход байсан кемп одоо ч байна. Олон мянган монгол залуучууд гэр орноосоо хол ажиллахаар гэр бүлийн үнэт зүйл алдагдаж байна, үүнд анхаарах зайлшгүй шаардлага байна.