Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ
2016.04.25

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ

Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалт өнөөдөр /2016-04-25/ “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий 300 гаруй ажилтан оролцож буй бөгөөд нийгмийн түншлэгч талууд ач холбогдол өгч буй гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар хэлсэн үгэндээ онцолсон юм.    

Өргөн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа зохион байгуулж буй энэ удаагийн сургалтаар 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан дэлхийн улс орнуудын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 17 зорилтын найм дахид нь “Эдийн засгийн тогтвортой өсөлтөөр зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих явдал” хэмээн тунхагласны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөдөлмөрийн нөөцийг зохистой ашиглах замаар салбар дундын болон бүс, орон нутгийн зохицуулалт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, татвар, зээлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрхэн сайжруулах асуудлыг голчлон хөндөхөөр төлөвлөсөн байна. Түүнчлэн сургалтын явцад оролцогчид төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, түүний дотор хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөр эрхлэлт дэх түншлэл, хамтын ажиллагаа, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах асуудлаар чадавхиа дээшлүүлэх юм.