Су.Батболд: Орон нутгийн сонгуулийг улстөржүүлж, намуудын оролцоог нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа нь буруу
УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН албан ёсоор бүлгийн эрхээ авалгүй байсаар анхдугаар чуулганыг хаалаа. 24 цагийн дотор бүлэг байгуулах хугацаа нэгэнтээ өнгөрсөн энэ үед ямар зохицуулалт хийвэл зохих вэ?
-Бид Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээлгүйгээр бид бүлгийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол процедурын шинжтэй зүйл. Уг нь Үндсэн хуулийн эрхээрээ улс төрийн хучин парламентад наймаас дээш суудал авсан тохиолдолд бүлэг байгуулагдаж байх ёстой. 24 цагийн дотор гэсэн зохицуулалт хийсэн нь Үндсэн хуулин дахь заалтыг муутгасан зүйл. Үүнийг уг нь сүржигнээд, тухайн нам нь санаачлаад, цаашлаад УИХ-ын дарга алх цохиж хүлээн зөвшөөрөөд байх зүйл биш. Чуулганы индэр дээрээс УИХ-ын дарга зөвшөөрөөд байх асуудал биш. Тийм учраас МАН-ын бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна гэж ойлгож болно.
-ҮХЦ-д Дэгийн тухай хуулийг хүргүүлээгүй гэж байсан.
-Тийм ээ, бид ҮХЦ-д олон зүйлээр хандъя гэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа УИХ Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгаа юм. Тийм учраас цаашдаа Цэцийг ажлаар дарна гэж ойлгож болно.
-Өнөөдөр /өчигдөр/ анхдугаар чуулган хаалтаа хийнэ. МАН-ын бүлэг УИХ-д ямар нэг шаардлага тавих уу?
-УИХ-ын анхдугаар чуулганыг хаахтай холбоотой асуудал болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тус бүр ярилцсан байна. Тодруулбал, УИХ-ын анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ бүтцийн байгууллагаа бүрэн байгуулах ёстой. Үүний тулд хамгийн тэргүүнд МАН-ын бүлгийн асуудлыг шийдвэрлэх ёстой, дараа нь ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нь зөв гэж үзсэн. УИХ-ын ээлжит бус чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор зарчмын байр сууриудаа нэгтгэсэн байгаа. УИХ-ын анхдугаар чуулганаар байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог 10-19 хүртэл байхаар зохицуулж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч дээрх хуулийн зохицуулалтаар байнгын хороодод нэг намын бүлгээс олон гишүүн харьяалагдаж байхад, МАН-ын хувьд гурваас дээш гишүүнийг харьяалуулах боломжгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна хэмээн үзэж, үүнийг өөрчлөх хуулийн төслийг тус намын гишүүд санаачилсан.
-Сөрөг хүчний хувьд аль байнгын хороог удирдах бол?
-Манай бүлэг хуульд зааснаар УИХ-ын дэд хорооноос Төсвийн зарлагын дэд хороог цөөнхийн бүлэг удирдах ёстой. Тиймээс тус дэд хорооны даргад МАН-ын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлсэн. Төсвийн зарлагын дэд хорооны хувьд хийх хамгийн нэн тэргүүний ажил нь 2012 оны төсөвт тодотгол хийхтэй холбоотой асуудал багтаж байгаа.
-Өвөрхангайн хоёр тойрог дээр Нийслэлийн шүүх ямар шинэ шийдвэр гаргасан бэ?
-Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцүүлж байсан асуудлыг Өвөрхангай аймаг руу нь шилжүүлсэн юм билээ. Энэ зөв юм. Учир нь Өвөрхангайд болсон үйл явдлыг дүүргийн шүүх шийдэж байдаг маш буруу, ойлгомжгүй, шүүхийн нэр хүндийг гутаасан явдал байсан юм. Тухайн үйл явдал гарсан тойргийнх нь шүүх дээр асуудлыг шийднэ гэдэг нь зүйтэй юм.
-Засгийн газар сөрөг хүчнийг байлцуулалгүйгээр асуудлаа хэлэлцлээ. Томилогдсон сайд нарын тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрыг томилсон асуудал нь сөрөг хүчний оролцоогүйгээр, хүч түрсэн байдлаар шийдсэн нь утгагүй зүйл. Тийм учраас бид УИХ-ын даргын томилгоог ч, Засгийн газар бүрдсэнийг ч хууль бус гэж үзэж байгаа. Ийм хууль бус үйлдэлд бид оролцохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт МАН-аас ямар санал оруулж тусгуулах вэ?
-Бид бүлгээ байгуулаад явж байгаа. Сонгогчдын 40 хувь нь бидэнд саналаа өгсөн. Тиймээс бид мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудыг оруулахын төлөө явна. Ажлын хэсгүүдэд саналаа өгч, Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллана.
-Яг ямар асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах вэ?
-Манай нам мөрийн хөтөлбөртөө олон зүйлийг тусгасан. Дэд бүтцийн асуудал, нийгмийн асуудал. Манай нам зүүний чигийг баримталсан. Тийм учраас нийгмийн асуудал түлхүү тусгасан байдаг. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гээд олон асуудал байгаа.
-Энэ парламент намын жагсаалтаар болон тойргоор орж ирсэн гишүүдээс бүрдсэн. Үүнээс үүдээд жагсаалтаар орж ирсэн гишүүд тойрог байхгүй учир сонгогчдын өргөдөл гомдолд дарагдахгүй, ачаалал багатай байна. Тойргоор орж ирсэн гишүүдийн ачаалал их байх тул туслахуудын тоог нь нэмэх шаардлагатай гэсэн санал гишүүдээс гарч байсан. Гишүүдэд тойрог, намын жагсаалтаар нь ялгавартай хандах нь зөв үү?
-Ер нь гишүүдийг намын жагсаалтынх, тойргийнх гэж ялгах шаардлагагүй юм. Аль болох ижил тэнцүү эрх мэдэлтэй байлгаад, цаана нь байгаа ажиллах хүч, нөөцүүдийг нь нам нь илүү түлхүү ашиглах уу, гишүүн нь түлхүү ашиглах уу гэдгийг улс төрийн хүчин дээрээ шийдээд явах учиртай. Түүнээс бус их хурлын зүгээс үүнд ангилан хандах нь буруу. Дээр нь УИХ-ын сонгуулийн тухай хууль, шинэ тогтолцоогоо буруутгаж, муутгаж байна гэсэн үг.
-МАН Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах асуудал дээр ямар байр суурь баримталж байна вэ?
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг шинэчлэн батлахтай холбоотойгоор манай нам хэд, хэдэн зарчмын байр суурь баримталж байна. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ гэдэг бол хоёр өөр байгууллага. Улс төрийн намууд ч энэ хоёр байгууллагыг ижил байгууллага гэж ойлгоод байна. Тэгээд улстөржсөн байдлаар энэ байгууллагыг байгуулах гэсэн оролдлогуудыг гаргах боллоо. Харин МАН-ын хувьд, Үндсэн хуулийн зарчимдаа нийцүүлээд орон нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулж ажиллах ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Иргэдийн төлөөллийн байгууллага гэдэг утгаар нь ажиллуулахын тулд аль болох улс төрийн намуудын оролцоог бага байлгах ёстой гэсэн судлаачдын дүгнэлт ч байдаг. Энэ талд МАН-ын гишүүд бид зогсож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын их хурлыг байгуулах гэж байгаатай адил энэхүү орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг улстөржүүлж, улс төрийн намуудын оролцоог нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа нь буруу. Гол нь ИТХ-ыг байгуулахдаа аль болох иргэдийн төлөөллийг хангах байдлаар оролцоог нь хангах нь чухал байгаа.
Тиймээс хуучин тогтолцоогоор буюу тойргоос орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ёстой гэж үзсэн. УИХ-ын сонгуультай адилхан намуудыг суудлаар оролцох явдал нь буруу. Тийм учраас манай зүгээс энэ сонгуулийг хуучнаар буюу тойргоор сонгох зарчмыг барьж байна. Ингэснээрээ тухайн байгууллага улстөржсөн биш иргэдийн төлөөллийн байгууллага болж төлөвших учиртай. Дараагийнх нь автомат тооллогын асуудал. Өнөөдрийг хүртэл автомат тооллогын асуудал маргаан дагуулж байна. Автомат машинаар тоолсон саналын дүн одоо ч маргаантай, зөв үү, буруу юу гэдэг эргэлзээг тайлж чадаагүй байна. Олон улсын хэмжээнд хэдэн зуун сая хүнтэй улс орнууд сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолж хэрэглэдэг. Азид Филиппин улс энэ аргыг анх удаа хэрэглэсэн. Гэтэл Филиппинд маргаан дагуулсан. Харин манайд автомат машинаар тоолох уу, үгүй юу гэдэг дээр хэн нь ч үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байгаа. Яагаад гэвэл өндөр хөгжилтэй Япон улс автомат тооллогын машин хэрэглэхгүй байгаа. Гэтэл манай нэг сая гаруйхан сонгогчтой улс Улс орон үүнийг хэрэглэх шаардлагатай юу.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын автомат машинаар тоолсон зарим дүнг дахин гар аргаар тоолж баталгаажуулах ёстой. Гэтэл ийм баталгаажуулсан тооллого хийгээгүй, иргэд итгэлгүй байгаа үед орон нутгийн хэдэн зуун сонгогчдын дунд дахиад ашиглах нь буруу гэж манай бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс манай намын бүлгийн гишүүд автомат тоологч машиныг дэмжихгүй байна. Орон нутгийн буюу аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд үүнийг хэрэглэхгүй гэсэн байр суурьтай байна. Дараагийнх нь Засаг дарга нарыг сонгох асуудал. Энэ бол Үндсэн хуулийн тухай асуудал. Хэн нэгний толгойд зурсхийсэн бодлоор Үндсэн хуульд гар хүрээд байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нарыг хэрхэн сонгох тухай асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдье гэвэл бүх ард түмнээс асууж байж шийдэх ёстой гэсэн зарчмын байр суурь баримталсан.
Түүнээс бус нэг, хоёр суудлаар илүү намын бодлоор үүнийг шийдэж болохгүй. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт бид орж ажиллана. Ажлын хэсэг дээр энэ байр сууриа хэлнэ.
-Хэрвээ иргэд Засаг даргаа өөрсдөө нэр дэвшүүлнэ гэвэл яах вэ?
-Болно л доо. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ нь нэг бодлын сайн талтай. Нөгөө талаас нь авч үзвэл дутагдалтай тал ч бий. Би иргэдээсээ сонгогдсон хүн гээд том толгойтой Засаг дарга нар гарч ирээд төрд харьяалагдахгүй, захирагдахгүй байх асуудал гарч ирнэ. Өнөөдөр манай улс стратегийн орд газраа эргэлтэд оруулж, байгалийн баялгаа ашиглаж байна. Байгалийн баялаг нэмэгдэн, орон нутагт санхүүгийн нөөц нэмэгдэж байгаа энэ үед иргэдээс сонгогдсон Засаг дарга нар төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулбал Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх магадлалтай.
Үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй.
-Гэхдээ орон нутагт эрх мэдэл байхгүй байна гэж Засаг дарга нар ярьдаг шүү дээ?
-Энэ нь тусдаа асуудал л даа. Эрх мэдэл өгнө гэдэг нь ИТХ-д нь, Засаг даргад нь ямар эрх мэдэл өгөх вэ, Засгийн газар юуг нь хариуцах вэ гэдэг асуудал.
-Засаг даргыг сонгох асуудал дээр тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хэр нэмэгдүүлэх вэ?
-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй. Төсвийг хэлэлцэх үед орон нутагт юунд зарцуулах талаар хэлэлцүүлэг явуулах шаардлагатай. Зөвхөн Засаг даргын зүгээс шийдсэн асуудлыг аль болох гаргахгүй байх, иргэдийнхээ саналыг сонсох нь чухал.
Өнөөдөр манайд олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг.