Су.Батболд:”Төв аймгийн төлөө хийхээр төлөвлөсөн юм их бий”
2012.06.11

Су.Батболд:”Төв аймгийн төлөө хийхээр төлөвлөсөн юм их бий”

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Сундуйн Батболдтой ярилцлаа.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас Таны  хувьд өмнөө тавьсан зорилго тодорхой  байж таарна. Ирэх жилүүдэд Их хуралдүргэлжлүүлэн ажиллах зорилго юу вэ?

-Миний хувьд анх л Төв аймгийнхан минь итгэл сэтгэлээ дайж, төрийн түшээгээр сонгосноос хойш арван жил өнгөрсөн байна. УИХ-ын гишүүнээр ажилласан арван жил гээд бодохоор урт хугацаа мэт боловч хийж амжаагүй, хийхээр төлөвлөсөн бүхнээ дүгнээд үзэхээр бага хугацаа санагдаж байна. Ардчиллын 20 гаруй жилийн парламентын түүхийг харж байхад нэг удаагийн бүрэн эрхийн хугацаандаа бүхнийг нэг мөр шийдвэрлээд явна гэсэн ойлголт бараг байдаггүй. Амьдрал баян учраас өнгөрсөн жил баталсан хуулийг өнөө жил шинэчлэхээс аргагүй тийм нөхцөл байдалд ордог тохиолдол зөндөө. Өмнөхөөс дараагийн шийдвэр нь урган гарч, уялдан зохицуулагддаг тийм онцлогтой бодлого гаргадаг байгууллага бол УИХ.

Энэ утгаараа миний хувьд хэдэн парламент дамнан яригдсан зарим нэг шинэчлэлийн асуудлыг зайлшгүй  хийх ёстой гэсэн бодол тээж, үүгээрээ ирэх дөрвөн жилийн зорилтоо юуны өмнө тодорхойлж байна.
Ирэх дөрвөн жилд  Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлтийг хийх ёстой гэж үзэж байгаа. Тухайн үеийн АИХ-ын депутатууд маш сайн боловсруулж баталсан байлаа ч 22 жилийн өмнө бодсон, хийсэн хууль шүү дээ. Хорин хоёр  жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн нийгэмд бид амьдарч байна. Тухайн үед ардчилсан нийгмийг төсөөлсөн төсөөллөөрөө, гадаадынхны туршлагыг голдуу баримтлан Үндсэн хуулиа боловсруулсан. Харин өнөөдөр бол  ардчилал, зах зээлийн бүхэл бүтэн нэгэн үеийн амьдралыг туулсан учраас юу нь болох, болохгүйг бид сайн мэддэг болсон. Тийм учраас энэ чиглэлээр бодож төлөвлөсөн зүйл их бий. Дараагийн асуудал бол  засаг захиргааны шинэчлэлийг хийх ёстой гэж бодож байна. Орон нутгаа эрх мэдэлтэй болгох тухай  сүүлийн хэдэн жил хангалттай ярьсан ч ахиц дэвшил гарсан нь бага. Засаг захиргааны нэгжийг томруулах асуудлыг давхар ярих ёстой. Мөн иргэдэд эрх мэдлийг нь өгөх асуудлаар шаргуу ажиллах төлөвлөгөөтэй байна. Бүгдийг төрөөс хамааруулж, төвөөс зохицуулдаг биш, иргэд асуудалдаа оролцдог, шийддэг, хариуцлагаа хүлээдэг болох тогтолцоонд шилжих хэрэгтэй. Төрийн хар хайрцагны бодлогын  асуудлыг зайлшгүй ярих ёстой цаг үед бид амьдарч байна. Ялангуяа гаднын нөлөөлөл  улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед зайлшгүй анхаарах асуудал. Энэ чиглэлээр судалж, төлөвлөсөн юм бас бий. Иргэд сонгогчид минь итгэлээ дайвал ийм шинэчлэл нэхсэн томоохон асуудлуудад онцгой анхаарч ажиллана даа.

-Та сая Их хурлын гишүүний үндсэн ажлынхаа зорилтыг ярилаа. Үнэхээр төрд шинэчлэл хийнэ гэдэг хөгжил дэвшлийн үндэс шүү дээ. Тойрогтоо тэгвэл юу хийхээр төлөвлөж байна вэ?

-  Төв аймагтаа хийхээр төлөвлөж байгаа маш олон ажил бий. Энэ л нутагт өсч, торниж, ажил амьдралын гараагаа эхэлж, төрийн түшээгээр нь сонгогдон ажиллаж байгаа учраас юу хаана хэрэгтэйг сайн мэдэлгүй яахав. Төв аймаг бол давуу тал олонтой аймаг. Нийслэл Улаанбаатар хот гэсэн том зах зээлээ тойрон оршдог нь хамгийн том давуу тал. Монгол орны дэд бүтцийн бүх зангилаа тухайлбал, зам, төмөр зам, эрчим хүчний шугам бүгд манай аймгийн нутаг дэвсгэрт давхацдаг. Юуны өмнө бидний хувьд  Төв аймаг бол хөдөө аж ахуйн асар том үйлдвэрлэгч байх бодлого барьж байгаа. Улаанбаатар хотыг хүнсээр хангадаг статусаа хэвээр хадгалж, ашиг орлоготой байх боломжоо бүх л талаар  нэмэгдүүлэх нь чухал. Үр тариа, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх бодлогыг  түлхүү баримтлах ёстой гэж үзэж байгаа. Ирэх жилүүдэд улс орны эдийн засаг асар өндөр өсч,  өнөө жилийн 17 хувийн өсөлт  ирэх жилд  19 хувьд хүрч хурдаа нэмнэ гэсэн урьдчилсан дүн гарчээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө 2.1 их наяд  төгрөг байсан  улсын нэгдсэн төсөв ирэх жил 7.5 их наяд төгрөг болно. Эдгээр тоо бол 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөлөлд батлагдсан тоо. Энэ их өсөлтийг хөдөө аж ахуйн салбартаа шингээх бодлого баримтлах учиртай л гэж би хөдөө аж ахуйн мэргэжилтний хувьд үзэж байгаа юм. Ялангуяа Төв аймагт ийм бодлого хэрэгжүүлж чадвал эрчимтэй хөгжил ойрхон байгаа.
Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх,   мал аж ахуйгаа эрчимжүүлэх гээд бидний төлөвлөж тооцоолж, зорьсон олон ажил бий.

Ер нь бол Төв аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхайн үйлдвэрлэлийг хязгаарлах бодлого барина. Байгальд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Төв аймгийн ард түмэн газраа ухаж биш, газраасаа ургуулж амьдрах учиртай. Мал аж ахуйн салбар түлхүү хөгжсөн урд сумдаар нутгийн үүлдрийн сайн чанарын малыг түлхүү өсгөх учиртай. Дараагийн миний бодож төлөвлөж явдаг нэг зүйл бол хэзээнээсээ хурдан хүлгээрээ алдартай Төв аймгийн ард түмэн хурдан адууныхаа угшлыг брэнд болгох хэрэгтэй юм. Хурдан адууныхаа брэндийг бий болгоод түүгээрээ орлого олох боломж бий  гэж үзэж байна. Миний хувьд  эдгээр асуудалд анхаарч, үр дүнд хүргэж ажиллана.

-Энэ удаагийн сонгууль шинэ тогтолцооноос эхлээд л өмнөхөөс онцлогтой сонгууль болж байна. Таны өөрийн санаачилж баталсан хуулиар сонгууль болж байна. Өрсөлдөгчийн хувьд өмнөхөөс бэрхшээл юу байна вэ?

-УИХ-ын сонгууль бүхэн өөр өөрийн өнгө аястай болдог. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь сонгуулийн шинэ  хууль, шинэ эрх зүйн хүрээнд явагдаж байна. Улстөрийн намууд өмнөх алдаагаа давтахгүй гэсэндээ, урагш харж хөгжье гэсэндээ УИХ-ын сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан. Аливаа шинэчлэл араасаа ямагт ахиц дэвшлийг авчирдаг. Сонгуулийн шинэ тогтолцоо улс орны хөгжлийг урагш  хөтөлсөн, сонгогч олноо хүндэтгэсэн тийм л утга агуулгатай юм. Энэ өөрчлөлтөд өөрийн хувь нэмрийг оруулсандаа баяртай явдаг. Шинэ хуулиар бол тухайн тойрогт өмнөхөөс илүү бодит өрсөлдөөн явагдахаар болсон. Манай Төв аймгийн 14 дүгээр тойрогт л гэхэд өмнө дөрвөн мандаттай байсан бол шинэ хуулиар хоёр мандаттай болсон. Нэр дэвшигч цөөхөн байх тусам өрсөлдөөн ширүүн болох нь хууль юм даа. Миний хувьд шинэ хуулийн онцлогтой, ширүүн өрсөлдөөнөөс эмээсэн зүйлгүй. Төв аймгийн төрийн түшээ гэсэн эрхэм алдрыг 10 жилийн турш хайрлаж, хамгаалж, ард түмэнтэйгээ нягт хамтран ажиллаж ирсэн болохоор сонгогч түмэн минь надад итгэж байгаа. УИХ-ын гишүүнээр аймаг, орон  орон нутгаа төлөөлж ажилласан өнгөрсөн жилүүд надад улстөрийн ажлын арвин баялаг туршлага, төрийн хүний ухаан суулгасан. Төв аймгийн ард түмэн надад итгэл хүлээлгэж ирснээрээ намайг төрийн хүн болгож төлөвшүүлсэн. Аймаг орон нутгийн ард түмэнтэйгээ нягт хамтран ажилласан он жилүүдээ эргээд харахад цаг хугацаа, хором бүр нь намайг төлөвшүүлж, бас эрч хүч өгч  байсан байна. Энэ сонгууль миний хувьд бас л онцлогтой. Яагаад гэвэл би ид хийж бүтээх насандаа ирсэн байна. Өмнөхөөс илүү ухаан нэмж, эр бяр тэгширч ирсэн ид насандаа улстөрийн сонгуулийн сунгаанд уралдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.