Хүүхдийн мөнгийг маргааш гэхэд олгож дуусна
“Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Хүүхдийн мөнгө болон эхчүүдийн одонгийн мөнгийг цагаан сарын өмнө олгож амжихаар байна уу?
-Хүүхдийн мөнгө энэ сарын 3-наас олгогдож эхэлсэн. Арилжааны банкуудад тодорхой хуваариар хүүхдийн мөнгөний санхүүжилтийг олгож байгаа. Цагаан сараас өмнө буюу энэ сарын 5, 6 гэхэд олгож дуусна. Харин тэтгэврийн хувьд хоёрдугаар сарын нэгэн гэхэд 100 хувь өгч дууссан. Алдарт эхийн одонгийн мөнгийг жил бүрийн гуравдугаар сарын 8-наас өмнө олгодог хуваарьтай явж ирсэн. Бид санхүүгийн энэ нөхцөл байдалтай уялдуулаад Алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сардаа багтааж тавих асуудал дээр Монголбанктай хамтарч ажиллаж байгаа.
-Хүүхдийн мөнгөний хувьд зөвхөн нэгдүгээр сарын мөнгийг өгч байгаа юм уу?
-Хоёрдугаар сарын мөнгийг энэ сардаа багтаагаад тавина. Ер нь жил бүрийн өдийд төсвийн хуваарь болон тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлага гардаг. Үүнээс болоод зарим нэг санхүүжилт хоцордог тал бий. Тэгээд хоёрдугаар сараас эхэлж жигдрээд явдаг. Жил бүр л иймэрхүү зүйл гардаг.
-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийн талаар сонирхъё?
-Одоо байгаа Тэтгэврийн даатгалын санд орж ирж байгаа мөнгөний их урсгалыг зөв менежментээр зөв зүйлд хөрөнгө оруулах зориулалтаар ашиглах ёстой. Яг одоо бол манай нийгмийн даатгалын салбарт ингэж менежмент хийгээд явах хүний нөөц, чадавхи хараахан бий болоогүй байгаа. Тэгэхээр бид Монголбанктай ямар тохиролцоонд хүрсэн бэ гэхээр Монголбанкны тухай хуулийн 18 дугаар зүйлд “Монголбанк Засгийн газартай гэрээлж санхүүгийн зуучлах үүрэг гүйцэтгэж болно” гэж заачихсан байдаг.Үүний дагуу Монголбанкаар 2-3 жилд тэтгэврийн даатгалын санд орж ирсэн мөнгөний урсгал, менежментийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлүүлж байгаа. Энэ хугацаанд нийгмийн даатгалын сангийнхан чадавхиа бий болгох, хүний нөөцөө бэлдэх, бүтэц зохион байгуулалтаа байгуулах ажлуудаа хийж гүйцэтгэх юм. Үүний дараа мөнгөний менежментийн эрхээ үе шаттайгаар шилжүүлж авна.
-Нийгмийн даатгалын сантай холбоотойгоор таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа?
-Сонгуулийн жил гарч байна, сонгууль ойртож байна. Ийм асуудлаар одоогоор албан ёсоор ямар нэгэн шалгалт хийж байгаа, миний тухай мэдээлэл хүлээж авсан гэдэг ч юм уу, иймэрхүү мэдээлэлтэй холбоотой мэдэгдэл хүлээж аваагүй байна. Янз бүрийн сайтуудаар, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай, санамсаргүй байдлаар ийм мэдээ, мэдээллийг байнга л явуулж байна. Энэ удаад ч биш, оны өмнөөс ийм асуудлууд яригдсан.
Улс төр хийхдээ цэвэрхэн хийж сурмаар байгаа юм, манайхан. Асуудал тавьчихаад, тэр нь нотлогдохгүй болчихоор өөр асуудалтай холбож гуйвуулдаг, мушгидаг юмнууд зөндөө л яригдаж байна. Манай салбартай холбоотой олон ноцтой гэмээр асуудлыг нийгэмд цацсан. Өнөөдрийг хүртэл тэднээс нотлогдсон нь нэг ч үгүй. Хэн нэгэн хүн хариуцлага хүлээсэн зүйл байхгүй. Төрийн байгууллагуудын нэр хүндийг гутаасан, мөрөөрөө ажлаа хийж яваа төрййн албан хаагчид руу дайрсан ийм үйлдэл, үйл ажиллагаагаа боливол уг нь их зүгээр байгаа юм. Ийм зүйлс Монголын улс төрд үеэ өнгөрөөлөө шүү дээ. Биенээ гүтгэдэг, харлуулдаг ийм ажил цаашид явцгүй ээ. Харин хэн хийсэн юм, хэн хийх гэж байгаа юм, хэн нь алдаа оноог нотлох баримттай шүүмжилж чадаж байгаа юм гэдгээрээ л юмаа ярих хэрэгтэй.
-Амьжиргааны судалгаанд хамрагдаагүй иргэдийг дахин судалгаанд хамруулахад гаргах зардал нь хэд байгаа вэ?
-Салбар дундын маш том дата сан бий болгосон. Мэдээллийн нэгдсэн бааз бий болсноор маш олон эерэг үр дүн гарна гэж байгаа. Өмнө нь нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс үзүүлж байгаа аливаа халамж тэтгэлэг, тэтгэмж, тусламж олон улсын зүгээс үзүүлх байгаа бүхий л тусламжууд салбарын зүгээс хийж байгаг хүмүүнлэгийн ажлууд ямар нэг улстөрч, аль эсвэл улс төрийн нам, эрх мэдэлтэй хүний хяналт дор хийгддэг байсан. Харин ийм мэдээллийн сан бий болсноор хэнээс ч үл хамаараад мэдээллийн санд байгаа зорилтот бүлгийг тодорхойлоод төрөөс буюу тухайн салбараас үзүүлж байгаа тусламж, тэтгэмж, хүмүүнлэгийн ажлыг шууд зохион байгуулах бүрэн боломжтой болох юм.
Харин одоо нэгдсэн мэдээллийн сантай болсноор тэр сумын Засаг дарга хэн байхаас үл хамаараад мэдээллийн сангаасаа хэрэгтэй мэдээллийг шууд аваад ажлаа зохион байгуулах бодитой боломж бий болж байна.
Өмнө нь аль нэг аймаг, сум, багийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд дүрэмт хувцас, сурах бичиг үнэгүй олгоё, эрүүл мэндийн үзлэгт үнэгүй оруулъя гэхэд тухайн сумын Засаг дарга нь аль намын угшилтай байна вэ гэдгээс хамаарч тэр хүнийг тойрон хүрээлсэн, хэсэг бүлэг хүн, айлууд тэр тусламжийг хүртдэг байсан.
Харин одоо нэгдсэн мэдээллийн сантай болсноор тэр сумын Засаг дарга хэн байхаас үл хамаараад мэдээллийн сангаасаа хэрэгтэй мэдээллийг шууд аваад ажлаа зохион байгуулах бодитой боломж бий болж байна. Үүгээрээ их чухал. Сүүлийн мэдээгээр нийт өрхийн 90 орчим хувийнх нь мэдээлэл санд ороод байна. Үлдэж байгаа өрхүүдийн мэдээллийг санд оруулахад тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай. Одоогоор тэр хөрөнгийг нэг бүрчлэн тооцоолж гаргаагүй болохоор хэлэх боломжгүй байна.