МАН хуулийн төслүүдийг гацааж улс төржмөөргүй байна
-Сонгуулийн тухай дөрвөн ч хууль өргөн баригдсан. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс аль хуулийг нь дэмжиж байна вэ? Бүлэг дээр гишүүд санал нийлэхгүй байна гэж сонсогдсон?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй журамтай. Үндсэндээ 20-иод хоног үлдээд байна. Энэ хугацаанд нэгдсэн нэг шийдэлд хүрэх хэрэгтэй байна. АН-ын бүлгийн зүгээс Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн барьсан хуулийг дэмжиж байгаа.
Гэхдээ АН-ын зүгээс эхлээд намын хуулиа ярьж хэлэлцэх ёстойг ч ярьсан. Тэгэхгүй бол Сонгуулийн хууль ч учир дутагдалтай болно. Хэрвээ учир дутагдалтай болчихвол Үндсэн хуулийн цэц дээр унах эрсдэл бий. Бүлэг дээр санал зөрөлдсөн асуудал байхгүй.
-МАН-ын зүгээс саналыг хар машинаар тоолох бол гараар дахин тоолох шаардлагатай гэсэн асуудал тавиад байгаа шүү дээ?
-Хар машинаар санал авсны дараа хяналтын тооллого зэрэг хийгдэх л асуудал шүү дээ. Гол нь гараар тоолсон нь, эсвэл машинаар тоолсон нь хүчин төгөлдөр байх юм уу гэдэг дээр л маргалдаад байх шиг байгаа юм. Гараар тоолоод хамгийн сүүлд ямар байдал үүслээ дээ. Хэн бүхний мартахааргүй долдугаар сарын 1 болсон. Ийм маргаантай, бэрхшээлтэй байдал руу хөтлөх шаардлагагүй.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал энэ цаг үед чухал сэдэв болж байна. Та Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд өөрчлөлт оруулах цаг нь мөн гэж үзэж байна уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь бол мөн. Тиймээс энэ асуудлыг ард түмнээсээ асуух ёстой. Юуг нь өөрчлөх ёстой вэ гэдгийг нийтээр хэлэлцүүлэх нь чухал. Үндсэн хуулийг батлаад 25 жил болох гэж байна.
Энэ хугацаанд дэлхийн төдийгүй дотоодын нөхцөл байдал ч өөрчлөгдсөн. Бусад улс орнууд өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалдаа нийцүүлэн хуулиа сайжруулсаар байгаа. Тиймээс манай улс ч гэсэн улс орны, ард түмний эрх ашигт нийцүүлэн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг нь ирсэн.
-Удахгүй намрын чуулган хаалтаа хийнэ. Үлдсэн хугацаанд хэлэлцэх хуулиуд их байхад МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хурлыг удаа дараа хаяж гарлаа. Энэ асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Хэдийгээр МАН улс төрийн нам ч гэсэн хэтэрхий их улс төржиж байна. Санал бодлоо хэлээд, хэлэлцээд явж болох атал ингэж улс төржихөөргүй зүйл дээр улс төржөөд байгаа нь харамсалтай. Хугацаа бага байхад улс орны эрх ашгийг урдаа тавих нь чухал байна. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд МАН-ын зүгээс идэвхитэй байсан. Үүнийг мэдээж хэлэхгүй байж болохгүй.
Гэхдээ байнгын хорооны хуралдааныг хаяж, хуулиудыг удаашруулж улс төржмөөргүй байгаа юм. Хэлэлцэж буй асуудлууддаа популист байдлаар хандмааргүй байна. МАН-ыг хариуцлагатай нам гэж ойлгож байгаа. Гэхдээ хуулиудыг удаашруулж, гацааж улс төржмөөргүй байна.
-Хэлэлцэхээр хүлээгдэж буй хичнээн хуулийн төсөл бий вэ? МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс танай байнгын хорооны хурлыг хаяж гарсан асуудал бий юу?
-Зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хууль олон бий. Нийт 40 гаруй хуулийн төсөл хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Өнөөдөр гэхэд л завсарлага авлаа. Өмнө нь Өршөөлийн хуулиар МАХН, МАН завсарлага авч байсан.
Үүнээс болоод бүтэн сар хойшилсон. Үүний үр дүнд өршөөгдсөн иргэд өвлийн ид хүйтэнд суллагдаж, очих газар, ажлын байр олох зэрэг хүндрэлтэй тулгарч байгаа юм. Энэ мэт хууль хэрэгжүүлэх, хуулинд хамрагдах нөхцөл байдалд хүндрэл учирч байна. Хэдийгээр хуулийн хүрээнд завсарлага авч байгаа ч хойшилж, хугацаа алдах явдал нь улс оронд л сөрөг нөлөөтэй.
-Эрүүгийн хууль батлагдлаа. Өмнөх хуулиасаа хэр сайн хууль болсон бэ?
-Эрүүгийн хуульд 2002 оноос хойш нийт 10 удаа өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ одоогийнх шиг зарчмын шинжтэй өөрчлөлт хийж байгаагүй. 2002 оны хууль нь тухайн үеийн социалист нийгмийн хэв шинжийг тодорхой хэмжээнд агуулж байсан.
Үүнийг одоогийн хууль өөрчилж чадсан. Өөрөөр хэлбэл, шоронжсон гэж яригдаад байгаа 2002 оны хуулийг халж, өнөө үеийн дэлхий нийтийн чиг хандлага, стандартад нийцсэн Эрүүгийн хуулийг баталж чадлаа.
Шоронжсон гэж яриад байгаа шалтгааныг нь юу гэж харж байна вэ гэхээр, ял эдэлж байгаа хүний тоог нийт хүн амтай нь харьцуулахад харьцангуй өндөр гарч байгаа учраас тэр юм. Өмнөх хуулиар юун түрүүнд хорих тухай авч үздэг байсан.
Харин энэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд таван төрлийн ял оноохоор болоод байгаа. Үүнд, торгох, нийтэд тустай ажил, хөдөлмөр хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, гэрийн хорио болон эрх хасах гэсэн ял багтана.