2010.09.15

Б.Бат-Эрдэнэ: Хууль зүйн байнгын хороо ирцээ бүрдүүлээд хуралдана.

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ‘’Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай’’ хуулийн хэрэгжилт болон сүүлийн үед ашигт малтмал тойрсон Дорноговь, Увс аймагт болсон зөрчил мөргөлдөөн, Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд болсон хэрэг явдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2010 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд 38 сая га газрыг хамарсан 3617 хайгуулын лиценц бүхий аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна . Үүнээс 901 хайгуулын лиценц хуулийн үйлчлэлийн хүрээнд хамрагдаж байгаа аж. Нийт 12.7 сая га газрыг хамарчээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд 458 мянган га газрыг хамарсан 1089 ашиглалтын тусгай зөвшөөрөл буйгаас энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд 212 лиценц бүхий аж ахуй нэгж 66.176 мянган га талбайг хамран үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 81.6 хувь нь алтных.

 

Гол мөрний урсац бүрэлдэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг амин чухал газрын дийлэнхэд нь алтны шороон болон үндсэн орд эзэлдэг. Голлон хөндөгддөг хоёр асуудал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд төлөх нөхөн төлбөр болон нинжа нарын асуудал.

 

УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, гар аргаар ашигт малтмал олборлогчдод тулгараад байгаа харилцааг зохицуулахад тодорхой шийдэл өгсөн. Харин шинээр хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжилт ямар байгааг авч үзэх шаардлага гарч байгаа бөгөөд удахгүй Ерөнхий сайдад хандан асуулга тавих болсноо Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд дуулгалаа.

 

Уг нь 2009 оны 11 дүгээр сард Засгийн газарт уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тэрээр асуулга тавьж байсан. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газраас тодорхой саналуудыг ирүүлсэн. Гэхдээ энэ ажил өнөөдрийг хүртэл амьдралд бодитой хэрэгжихгүй, удааширалтай байгаа гэлээ. Үүнээс улбаалан иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зөрчил, мөргөлдөөнтэй байдал даамжирч байна . Хамгийн сэтгэл түгшээж байгаа нь Монголчууд өөр хоорондоо буу цоорондоо хүрэхдээ тулж, хүчний байгууллага, иргэний нийгмийн байгууллагын зүгээс ч хууль бус, хурцадмал байдлыг дэвэргэж байгаа явдал. Ялангуяа энэхүү байдал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаас аргагүй байдалд хүргэж байна гэлээ.

 

Түүнчлэн дээрх хуулийг хэрэгжүүлэх нь Монгол орныг орших уу, эс орших уу гэдэгтэй холбоотой асуудал болоод байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээр 901 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдээс 132 аж ахуй нэгж зардлаа мэдүүлж ирүүлсэн. Эндээс гарч байгаа зардал эхлээд 200 орчим тэрбум төгрөг гэж байсан бол энэ тоо триллион төгрөгт яригдаж эхэлсэн. Нөгөө талаас аж ахуй нэгжүүдээс гарсан зардлыг бодитой тооцох, шалгаж нягтлах ч шаардлага байгааг тэрээр нэмж дурдлаа.

 

Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн чуулганы завсарлагаанаар гурван мөрний эх гэж монголчуудын хамгийн эрхэмлэж ирсэн ариун дагшин газрын нэг Онон мөрөн бохирдолтой байгаатай газар дээр нь танилцжээ. Тэрээр Онон мөрний эхээс адаг хүртэл Дадал сум хүртэл явж үзсэн байна. Онон мөрний бохирдож буйн шалтгаан бол ОХУ-аас урсаж ирж байгаа голын бохирдолтой холбоотойг олж тогтоожээ. Нутгийн иргэд Онон мөрнөөсөө малаа усалж, өөрсдөө ч ундаалж чадахгүйд хүрчээ. Гишүүн ч холбогдох яаманд асуудлыг тавин, Иргэний нийгмийн байгууллагын оролцоотой ажлын хэсэг гарган, ОХУ-ын ЭСЯ-нд уг асуудлыг удаа дараалан тавьсан байна.

Онон мөрний эхэн дээр хэд хэдэн алтны уурхай байрладаг. Хэнтий аймгийн Батширээт суман дахь Гутайн давааны алтны уурхай гэхэд зараалын хөгшин морь шиг зарагдаж байдаг. Уг уурхай Уул уурхайн ассоциоцийн ерөнхийлөгч Дамба гэдэг хүний мэдэлд очсон байх жишээтэй. Гэтэл Гутайн даваааны үндсэн ордны чулууг нь нинжа нар ухаж байна. Нинжа нарыг уул уурхайн компаниуд төрүүлдэг. Уул уурхайн мэргэжлийн хүмүүс тэднийг турхирч байдгийн жишээ олон. Гутайн гол Онон голд цутгадаг. Усны асуудал Монголд төдийгүй дэлхий нийтийн анхааралд байгаа . Иймд хуулийн хэрэгжилтэнд анхаарч, шуурхай арга хэмжээ авах цаг нь болжээ гэдгийг гишүүн хатуухан мэдэгдлээ.

Түүнчлэн тус хэвлэлийн бага хурал дээр Хууль зүйн Байнгын хороо АТГ-ын дарга нарын асуудлаар хуралдах уу гэсэн сэтгүүлчийн асуултанд тус Байнгын хорооны дарга хариулахдаа Авлигатай тэмцэх газар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хянан шалгана гэж хуулинд заасан байдаг. Тусгай хяналтын дэд хороо нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харъяанд ажилладаг. Тусгай хяналтын дэд хороо асуудлыг авч үзэх ёстой. Хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг тал талаас нь хэлэлцэн, 3 ч удаа хуралдсан. Тусгай хяналтын дэд хороо саяхан хуралдаж, гаргасан дүгнэлтээ бидэнд танилцуулсан.Энэ дүгнэлттэй холбогдуулаад Хууль зүйн байнгын хороо ирцээ бүрэлдүүлээд хуралдана гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.