169 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн
Нийгмийн даатгалын ажилтнууд 10 мянган нас барсан иргэний нэрийг ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан тухай мэдээлэл гарсан.
Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Нас барсан 10 мянган иргэний нэрийг ашиглаж их хэмжээний мөнгө завшсан тухай мэдээлэл гарсан. Танд тодорхой мэдээлэл ирсэн үү?
-Ийм ноцтой зөрчил манай салбарт гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ бол байгууллагын нэр хүндэд халдах гэсэн оролдлого гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран энэ асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн.
-Уг хэрэгтэй холбоотойгоор хэн нэгнийг сэжигтнээр татсан уу?
-Энэ мэдээлэл анх хаанаас гарсан нь тодорхоогүй байна. Тиймээс Цагдаагийн байгууллага мэдээллийн дагуу шалгалт хийж байна. Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татсан, эрүү үүсгэн шалгасан асуудал гараагүй.
-Өмнө нь ийм хэрэг гарч байсан уу?
-Тухайн иргэний ар гэр нас барсан тухай мэдээллийг нь холбогдох байгууллагад хүргүүлээгүй, эсхүл шилжилт хөдөлгөөнөө бүрэн хийлгээгүйн улмаас нас барсных нь дараа иргэдийн тэтгэвэр үргэлжлүүлэн дансанд нь орж байсан тохиолдол бий. Энэ мэдээлэл анх гарснаас хойш ХАХНХЯ дотоодын хяналтын байгууллагуудаар 2006-2015 оны хооронд нас барсан иргэдийн мэдээлэлд хяналт шалгалт хийсэн. Энэ үеэр 148 хүнд холбогдох 169 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Зөрчил арилгах ажиллагааг зохион байгуулж, одоогоор 23 сая төгрөгийн хэрэг үлдсэн байна.
-Жилд тэтгэврийн насны хэдэн хүн нас бардаг вэ?
-Жилд 9500-11000 орчим иргэн нас бардаг. Үүнээс 30-40 хувийг өндөр настан эзэлдэг. Тэгэхээр дээр дурьдсан 10 мянга гаруй хүн бол 3-4 жил нас барсан өндөр настны тоотой тэнцэж байна. Ийм олон жил 10 мянга гаруй хүний тэтгэврийг хууль бусаар авах боломжгүй.