Энэ зам хүмүүсийн амьдралд ахиц өөрчлөлтийг авчирна
Энэ зам хүмүүсийн амьдралд ахиц өөрчлөлтийг авчирна
2015.10.06

Энэ зам хүмүүсийн амьдралд ахиц өөрчлөлтийг авчирна

  Өнгөрсөн амралтын өдрүүд нийслэлчүүдийн болон нийслэл хоттой ойр амьдардаг иргэдийн хувьд сайхан мэдээтэй өнгөрлөө.

10 дугаар сарын 3-ны өдөр Герман Монголын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл” амжилттай дуусч хамгийн сүүлчийн авто зам буюу Партизан-Батсүмбэр чиглэлийн 29,36 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулан нутгийн иргэдэд хүлээлгэж өглөө.

Энэ төслөөр өмнөх жилүүдэд Төв аймгийн Жаргалант, Борнуур, Партизан чиглэлийн авто замуудыг хатуу хучилттай болгож төвийн замтай холбосон. Борнуур, Жаргалант, Батсүмбэр бүгдээрээ Төв аймгийн хамгийн олон хүн амтай сумд юм. Мөн нийслэлд хүнсний ногоо, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, зах зээлээ өргөжүүлэх бүх талын боломжтой орон нутаг. Нийслэлийн эргэн тойронд оршдог эдгээр сумд хатуу хучилттай авто замаар Улаанбаатартай холбогдсоноор хотын иргэдийн хувьд хамгийн их үр ашгийг нь хүртэнэ.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд

 Үндэсний органик бүтээгдэхүүнийг хямд үнээр, шив шинэхнээр нь өдөр бүр хэрэглэх боломж нэмэгдэнэ. Цаг алдаж, чанар нь алдагдахгүй хэрэглэгчийн гар дээр сүү тараг, цагаан идээ, төмс, хүнсний ногоо шив шинэхнээрээ ирж байна гэдэг хамгийн чухал. Харин Төв аймгийн иргэдийн хувьд ажилтай, орлоготой байж, Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэлийн зах зээлд хийж бүтээснээ борлуулж хөдөлмөрөө үнэлэх, эргээд тэр орлогоороо амьдралаа сайжруулах, сайхан амьдрах таатай боломж нээгдэж байгаа ажээ.

 Энэхүү автозам хүлээн авах ёслол Төв аймгийн Батсүмбэр суманд тун даруухан хэрнээ өгөөжтэй боллоо. Авто зам барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн хамт олон болон Батсүмбэр сумын иргэд, удирдлагууд, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, Зам тээврийн сайд, мэргэжилтнүүд болон УИХ-ын дэд дарга, Төв аймгаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн М.Энхболд нарын зочид төлөөлөгчид ирсэн байв.

Авто замын нээлтийн ажиллагаан дээр УИХ-ын дэд дарга М.Энхболд энэхүү бүтээн байгуулалт анх хэрхэн шийдвэрлэгдэж байсан түүхийг дурссан. Тэрээр “Анх ХБНГУ-ын Засгийн газар, Германы хөгжлийн агентлаг Монгол улсын хөгжилд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхээр шийдээд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг эрчим хүчний салбарт олгохоор Монголын Засгийн газарт санал болгосон.

Тухайн үеийн Засгийн газар тэр саналыг авч хэлэлцээд “Бид эрчим хүчний салбарт энэ хөнгөлөлттэй зээлийг авахаас илүү их ач холбогдолтой замын салбарт, тэр тусмаа Монголын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж байдаг нийслэл хотынхоо хүнсний хангамжийг сайжруулах зорилготой дэд бүтцийг бий болгоход ашиглая” гэдэг саналыг гаргахад Германы тал зөвшөөрч энэ зам баригдах анхны эхлэл тавигдсан түүхтэй. Тэгээд 2012 оны 1 дүгээр сард Германы сэргээн босголт, зээлийн банктай Монгол улсын холбогдох төр засгийн байгууллага, Засгийн газрын байгууллагууд Батсүмбэр, Партизан, Жаргалант, Борнуур гэсэн сум, суурин газруудыг Ази, Европыг холбосон босоо тэнхлэгийн төв замтай холбох энэ гэрээг байгуулж, УИХ-аар соёрхон батлуулж, Монголын талаас гаргах хөрөнгийг тухайн жилийн төсөвт нь суулгуулж энэ ажил эхэлж байлаа.

Жаргалант, Борнуурын замыг бид өмнөх онд хүлээж авсан. Одоо энэ төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хамгийн сүүлийн зам болох Партизан Батсүмбэрийн замыг хүлээж авч байна” гэсэн юм. Мөн тэрээр үгийнхээ төгсгөлд “Энэ өдрөөс эхлээд манай Батсүмбэрчүүд төмөр зам, авто зам гэсэн хөгжлийн хоёр замтай, хөгжих сайхан боломж бололцоо бүрдлээ” гэдгийг зориуд тэмдэглээд “Хүмүүсийн амьдралд ахиц өөрчлөлт гаргасан, Батсүмбэрчүүдийн амьдрал ахуйд орлого нэмсэн, нийслэлчүүдийг аюулгүй, чанартай хүнсээр хангасан, хөгжлийг бүтээгч, сайхан зам болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Алтан шар зам нь өлзийтэй байж, манай Батсүмбэрчүүдийн сайн сайхан амьдрахад энэ зам тус нэмрээ их өгөх болтугай!” хэмээн ерөөлийн сайхан үгээ өргөсөн.

Шатрын танхим

Партизан-Батсүмбэр чиглэлийн 29,36 километр хатуу хучилттай автозамыг БНХАУ-ын Төмөр замын 1 дүгээр групп болон Монгол улсын “Очирням” ХХК-ний түншлэл барьж гүйцэтгэсэн бөгөөд сумын засаг дарга Д.Ганбаяр “Энэ замыг гүйцэтгэсэн байгууллагууд яг графикийн дагуу хоёр жилийн туршид чанартай, сайн барьж гүйцэтгэлээ” хэмээн ам сайтай байлаа. Замын хувьд орон нутгийн чанартай ч хятадууд хэзээний л авто зам, гүүрийн барилга байгууламжийн ажилдаа гаршсан, чанартай сайн зам барьдаг болохоор нутгийн иргэдийн сэтгэгдэл ч өндөр байсан.

 Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ төсөл амжилттай хэрэгжсэнийг дурдаж, 3 багц төслийг бүгд чанартай, сайн гүйцэтгэлтэй болсон хэмээсэн юм. Автозамын нээлтийн үеэр дугуйн уралдаан болж, мэргэжлийн дугуйчид Партизанаас гарч Батсүмбэрт барианд орон шинэ замыг бүтэн туулцгаав. Мөн зам, тээврийн салбарын шагналаар замын бүтээн байгуулалтанд хүч хөдөлмөрөө зориулсан олон хүн шагнууллаа.

Батсүмбэрчүүд шинэхэн замаа хүлээн авсан энэ билэгт сайн өдрөөр тус сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ч тойргоосоо сонгогдсон эрхэм гишүүн М.Энхболдоос шатрын сурах бичиг, иж бүрэн сургалтын хэрэгсэл бүхий Шатрын танхимыг хүлээн авсан юм. М.Энхболд гишүүн “Жинхэнэ баялгийг багш нар л бүтээдэг” гээд оюунлаг, эрдэмтэй монгол хүүхдүүд өсч өндийхөд Төв аймгийн 27 суманд байгуулж байгаа энэхүү Шатрын танхим нь хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.