Жижиг, дунд үйлдвэрүүд ажлын тайлангаа бүтээлээрээ танилцууллаа
2015.09.16

Жижиг, дунд үйлдвэрүүд ажлын тайлангаа бүтээлээрээ танилцууллаа

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа өчигдөр “Улаанбаатар” банкны хоёр давхарт нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд есөн дүүргийн төлөөлөл болсон 20 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд нэг өдөрт гурван дүүргийн үйлдвэр эрхлэгчид хийж, бүтээснээ танилцуулах аж. Налайх, Баянгол, Чингэлтэй дүүргийн ажлын тайлангаар эхэлсэн тус үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд үйлдвэрийн төсөл бичих сургалтыг дөрвөн өдөр явуулах юм байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл “Энэ жил дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн холбоо хийсэн ажлынхаа тайланг цаасаар бус бодитоор харуулж байгаа нь онцлог болж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр нэгнээсээ суралцаж, туршлага солилцох юм” гэлээ.

Үзэсгэлэнд арьс шир, арвайн гурил, цүнх, гуталнаас эхлээд модон эдлэл, монгол дээлний үйлдвэрлэл явуулдаг иргэд оролцож байсан юм. Эдгээрийн нэг нь шагайн урлал хийдэг Ч.Зоригт байв. Тэрбээр шагайгаа хүнсний захаас нэгийг нь 80-100 төгрөгөөр худалдаж авдаг байна. Шагайны тос хирийг нь арилгаж, бүлхийг нь салгах үүднээс сайтар угааж, 3-4 цаг буцалгаж, цэвэрлэдэг ажээ.

Ингэж бэлтгэсэн шагайгаараа машины болон сандлын бүрээс, массажны зориулалттай хөлийн гишгүүр захиалгаар хийдэг гэнэ. Нэг суудлын бүрээсийг 200-220 мянган төгрөг, суудлын олбогийг 60-70 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Шагайгаар хийсэн бүтээгдэхүүнийг нь ихэвчлэн гадны жуулчид болон, гадаадад амьдардаг монголчууд захиалж авдаг байна. Энэ үеэр Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Ихбаяраас тус дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн талаар тодруулахад “Манай дүүрэгт бүртгэлтэй 914 жижиг дунд үйлдвэр эрхлэгч үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Ядуурлыг бууруулах бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зээлийг манай төвөөр дамжуулан, дөрвөн хадгаламж зээлийн хоршооноос гаргаж иргэдэд хүргэж байна. Тус зээлийг энэ оны гуравдугаар сараас өгч эхэлсэн бөгөөд одоогоор 1.2 тэрбум гаруй төгрөг иргэдэд олгоод байна. Мөн манай төв байгуулагдаад жил гаруй болох хугацаанд 500 гаруй иргэнийг төсөл бичих сургалтад хамруулсан” гэлээ.

Тус дүүргийн XVIII хорооны иргэн Т.Адьяадорж үйлдвэрийн ослоос болж группийн тэтгэвэрт гарснаар, орлогогүй болсон байна. Өмнө нь дүрслэх урлагийн сургуульд сурч байсан тэрбээр ажилгүй болсны дараа зураг зурж эхэлжээ. Тэгж байтал 2012 онд дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Үүнээс хойш ажлын байр түрээсэлж хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнтэй хамтран баримал, арьс, гипс зэргээр уран бүтээл хийж борлуулж эхэлсэн гэнэ. Зургийн үнэ харилцан адилгүй бөгөөд тухайлбал АЗ хэмжээтэй цаасан дээр усан будгаар зурсан зургаа 500 юаниар үнэлдэг аж. Цаашдаа үйлдвэрлэлээ явуулах жижиг цехтэй болохоор ажиллаж байгаа гэв.