
Б.Болорыг Сангийн сайдад 100 хувь дэмжлээ
Төсвийн байнгын хороо хуралдаж Засгийн газрын гишүүн Сангийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ.
Сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа. АН-ын бүлгээс Монгол улсын Сангийн сайдад Төсвийн байнгны хорооны дарга Б.Болорыг дэвшүүлээд байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан нэр дэвшигчид хандан “Сангийн сайдад нэр дэвшиж байгаа хүний хувьд асуудал алга. Төсвийн байнгын хороонд ажиллаж төсвийн талаар зах цухаас суралцсан байх гэж бодож байна. Одоо төсвийн байдал тун амаргүй байх шиг байна. Магадгүй оны эцэс гэхэд нэг их наяд руу тасрах дүр төрх ажиглагдаж байна. Одоогийн тасалдал болон хүлээгдэж байгаа санхүүжэлтээ харахын бол ш дээ.
Энэ нь өөрөө маш том хямралын шинж тэмдэг. Тэгэхээр манайхан хямарч байна гэж ярих мөртлөө энэ үеэр ажиллаж ерөөсөө чадахгүй. Худлаа л яриад байгаа.Тиймээс орлогондоо тааруулж зарлагаа яаж тааруулах вэ гэх ажил Сангийн сайдын толгой дээр бууж ирнэ. Тиймээс энэ чиглэлд улс суурьтай нухацтай ажиллаарай. Тиймээс зарлагын реформ зайлшгүй хийх шаардлагатай байна” гэлээ.
Түүнчлэн тэрээр “Ажлаа авуутаа хольж солиод, наана цаана нь оруулаад байв. Тиймээс мэргэжлийн аппаратаа сайн түшиж ажиллах хэрэгтэй шүү. Ямар нэгэн реформ хийх, шинэрээ хүн томилж сургах цаг хугацаа байхгүй” гэдгийг анхааруулан хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн 100 хувь дэмжиж УИХ-аар хэлэлцэхээр боллоо.