Концессын гэрээ байгуулах эрх олголоо
2015.08.11

Концессын гэрээ байгуулах эрх олголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 10-нд  болж, дараах шийдвэрийг гаргалаа.

 Концессын гэрээ байгуулах эрх олголоо

Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, бусад шаардлагатай тусгай зөвшөөрөл болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож батлахыг холбогдох сайд нарт даалгах шийдвэрийг гаргасан байна.

Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг Улаанбаатар төмөр замтай холбох ажлыг зохион байгуулж, концесс эзэмшигч болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд төмөр замын шугамын холболтын гэрээ байгуулах ажилд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэхийг Зам тээврийн сайдад, шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчийг үе шаттайгаар бэлтгэн, мэргэшүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллахыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болголоо.

УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд болон байгалийн тогтцыг нь бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилтай уялдуулан авч үзэж нэн даруй төлөвлөх, 2014 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжлүүлэх үндсэн чиглэл”-д “Могойн гол-Эрдэнэт 500 км” төмөр замын ажлыг төсвийн бус эх үүсвэр, концессоор хэрэгжүүлэх, 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-т Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2015 оны 2 дугаар хагаст эхлүүлэхээр тус тус заажээ.

“Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концессын гэрээний төслийг Засгийн газрын 2015 оны 111 дүгээр тогтоолын дагуу боловсруулжээ. Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар гарсан ба нийт 547 км төмөр замын ажлыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон хөрөнгөөр 5 жилийн дотор барьж байгуулна.

Гэрээний хугацаа 30 жил байхаар төсөлд тусгасан бөгөөд энэ хугацаанд концесс эзэмшигч нь концессын зүйлийг 100 хувь эзэмшиж ашиглах бөгөөд ашиглалтын тодорхой хугацааны дараа, гэрээний хугацаа дуусгавар болсноор төмөр замын суурь бүтцийг төрийн өмчлөлд шилжүүлэх юм.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах Овоотын коксжих нүүрсний ордын боломжит нөөц нь 255 сая тн, нөөцөөрөө Монгол улсад хоёрт бичигдэж байгаа бөгөөд цаашид хайгуулаар нөөц нь нэмэгдэх бүрэн боломжтой орд юм.


Аж үйлдвэрийн сайд чөлөөт бүс байгуулах талаар танилцуулга хийлээ

2015 онд батлагдсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-д Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд бахимтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан. Мөн 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. 2015 оны 1 дүгээр сард Ерөнхий сайдын захирамж гарч, Монгол Улс, БНХАУ хооронд Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, санал дүгнэлт боловсруулах ажлыг хэсгийг байгуулсан билээ.

Замын-Үүд боомтоор 2014 онд 1 тэрбум ам.долларын бараа эргэлт хийж 1.9 сая зорчигч, 522 мянган тээврийн хэрэгсэл, 400 мянган галт тэрэг орж гарсан нь тус боомтыг түшиглэн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн гэж үзжээ.

Ажлын хэсгийн судалгааны дүн, санал дүгнэлт болон Хятадын талтай хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөөний талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд, Эрээний боомтыг түшиглэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар хоёр тал хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн тохирох, уг төлөвлөгөөний дагуу нарийвчлан судалгаа хийх чиглэлээр ажлын хэсгийг үргэлжүүлэн ажиллуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Ажлын хэсэг Эрээн хотод БНХАУ-ын Худалдааны яамны дэргэд байгуулагдсан ажлын хэсэгтэй анхдугаар хуралдаан зохион байгуулж, судлах ажлын талаар тохиролцоонд хүрч, Улаанбаатар хотод 3 дуаа худалдан, Хятад, Казахстаны хил дамнасан “Хоргос” олон улсын хилийн хамтын ажиллагааны төвийн туршлагыг судалжээ. Мөн Замын-Үүд, БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохион байгуулагдсан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудад оролцож, бизнес эрхлэгчидтэй санал солилцсон байна.

Замын-Үүд боомтоор 2014 онд 1 тэрбум ам.долларын бараа эргэлт хийж 1.9 сая зорчигч, 522 мянган тээврийн хэрэгсэл, 400 мянган галт тэрэг орж гарсан нь тус боомтыг түшиглэн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдсэн гэж үзжээ.


Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын барилгын ажлыг энэ онд бүрэн дуусгана

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2015 онд бүрэн дуусгахад шаардагдах 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, барилгын ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, хугацаанд нь ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

“Насны зам” ХХК энэ чиглэлийн авто замыг барьж, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулж, ажлаа эхлүүлж байсан. Гэсэн хэдий ч авто замын барилгын ажлууд батлагдсан төлөвлөгөөний хугацаанаас хоцорч байсан тул захиалагч талаас барилгын ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг тухай бүрт өгч ажилласан ч тодорхой ахиц гараагүй.

Иймд Засгийн газраас авто зам барих ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохыг даалгасан юм. Гэрээ цуцалсантай холбоотойгоор уг авто замын барилгын ажлыг дөрвөн багц болгон хувааж, үлдэгдэл ажлыг тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байсныг шийдвэрлэлээ.


ТОВЧ МЭДЭЭ:

  • Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталлаа. 2015 онд тохиож буй их хааны ойг 9 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр төлөвлөжээ.
  • УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
  • Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.
  • Газрын ховор элементийн ашиглалтын болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр хүсэлт гаргасан компаниудын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцээд, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

ЭХ СУРВАЛЖ: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба