Үндэсний бараа худалдаж аваагүй төрийн байгууллагыг шийтгэнэ
Олон хүн улс орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн энгийн асуулт тавьдаг. Тэгвэл хөгжье гэсэн аль ч улс юуны түрүүнд үйлдвэрлэлийг хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл Монгол хэмээх айл бусдын гар харалгүй өөрөө юмаа хийж сурдаг болно гэсэн үг. Харин үйлдвэрлэлийг дэмжих олон арга бий.
Бид сүүлийн 20 орчим жилд үндэсний үйлдвэрээ дэмжье, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлье гэх зэрэг төрөл бүрийн уриатай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж асар их мөнгийг зарсан ч өнөөдөр жижгээсээ дунд болж, дундаасаа томорсон үйлдвэр хуруу дарам байна. Ингээд бодоход үндэсний үйлдвэрийг дэмжинэ гэдэг зөвхөн зээл олгоно гэсэн үг биш бололтой.
Үнэндээ дэлхийн туршлагаас харахад их хэмжээний мөнгөн тусламж нь үйлдвэрлэгчдийн амжилтын үндэс биш байдаг. Тэгэхээр үйлдвэрлэлд хэрэгтэй хамгийн чухал зүйл нь мөнгө биш, төрийн ухаалаг бодлогын хөшүүрэг аж.
Ийм хөшүүргүүдийн нэг нь төрийн худалдан авалт юм. Энэ нь ялангуяа хөл дээрээ босох гэж ядаж буй, зах зээлд байр сууриа хайж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдэд агаар ус шиг хэрэгтэй. Төрийн худалдан авалт гэдэг нь нэг ёсондоо төр ард түмнээс татвар болгож авсан мөнгөөрөө эргээд ард түмнийхээ гараар бүтээгдсэн бараа, үйлчилгээг худалдан авч байна гэсэн үг. Хэдийгээр Монгол улс төрийн худалдан авалтын чиглэлээр тусгай хуультай ч өнөөг болтол ард түмнийхээ мөнгөөр импортын бараа голдуу авсаар ирсэн. Энгийн жишээ хэлэхэд 280 гаруй мянган хүнээс бүрддэг төрийн байгууллагуудын хэдэн хувь нь дотоодод үйлдвэрлэсэн ариун цэврийн цаасыг авдаг вэ гэдгийг сонирхоод үзэхэд маш хангалтгүй тоо гарна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрүүд олигтой өсч, дэвждэггүйн нэг гол шалтгаан нь төр мөнгө өгөхөөс бус борлуулалтаар нь дэмждэггүй байсан явдал юм.
“Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно”
Ноднин жилээс үйлдвэрлэлийг дэмжих бодитой, үр дүнтэй алхмуудын талаар төрийн түвшинд нухацтай яригдаж энэ онд зарим асуудал хууль болон гарав. Эдгээрийн нэг нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль болон гарч гол зорилго нь үйлдвэрлэлийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхийг дэмжихэд оршиж байгаа аж. Гэхдээ энэ хуультай холбогдуулан өмнө нь мөрдөгдөж байсан зарим нэг хуульд маш чухал заалтуудыг нэмж оруулжээ. Тухайлбал үйлдвэрлэгчдийн “төр биднийг үйлдвэрлэ, үйлдвэрлэ гэдэг мөртөө үйлдвэрлэсэн барааг маань худалдаж авахгүй юм” гэсэн гомдлыг арилгах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн худалдан авалтыг хуульчилжээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэгэн заалт нэмж “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно” гэжээ. Энэ өгүүлбэрээс харахад дотоодын бараа импортын барааны өмнө илт давуу эрхтэй болж байна.
Мөн өөр нэг заалтад “дээрх заалтыг зөрчсөн захиалагчийн төсвийн ерөнхийлөн захирагч, гүйцэтгэх захирлыг төрийн албанд, захирлыг тухайн албанд 10 жил эргэж орох эрхгүйгээр тус тус халж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн төрийн байгууллагын эдэлж буй эд зүйл, авч буй үйлчилгээн дотор дотоодын бүтээгдэхүүн байхгүй бол хариуцсан этгээд хатуу шийтгэл хүлээх нь.
Дотоодын үйлдвэрлэгчдийн хүсэн хүлээж байсан зүйл нэгэнт хуульчлагдсан учир харин одоо энэ мэдээллийг олонд хүргэх, ач холбогдлыг нь таниулах үлдлээ. Учир нь хэлэлцэж баталсан бүхнээ зөвхөн цаасан дээр үлдээж, хэрэгтэй хүмүүст хэрэгтэй мэдээллийг нь хүргэхдээ залхуурдаг муу зуршил бидэнд бий.