Эмнэлгүүдийн захирлыг сайд биш Удирдах зөвлөл нь сонгодог болно
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.07.23

Эмнэлгүүдийн захирлыг сайд биш Удирдах зөвлөл нь сонгодог болно

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Манайхан эрүүл мэндийн салбарыг чухал гэдэг. Эрүүл мэндийн салбарын төсөв ямархуу байдалтай байгаа бол. Салбарын ажил хэр урагштай байна?

-2015 оны төсөв аль салбарт тэр дундаа хөрөнгө оруулалтын хувьд нэлээдгүй танаж батлагдсан. Төсөв танагдсан энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэнд, спортын салбарт 2015 оны төсөвтэй холбоотой хамгийн гол тулгамдаж буй асуудал бол эмийн төсөв л дөө. Эмийн төсөв, хүрэлцээ жилээс жилд хүрэлцэхээ больж байна. 2015 оны төсвийг батлахдаа 2014 оны төсвийн гүйцэтгэлээс 20 орчим хувь багаар эмийн төсвийг баталсан юм. Тиймээс 2015 оны төсвийг тодотгоход эмийн төсвийг нэмж тодотгох шаардлага гарч байгаа.

Үүний дагуу ирэх намар хийх төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын төсвийн зарим нэг асуудлаар тодотгохыг Засгийн газар дээр яриад үндсэндээ шийдэгдсэн. 2015 оны төсөвт 60 тэрбум төгрөг батлагдсан. 2014 оныхтой харьцуулахад найман тэрбум төгрөгөөр бага байгаа юм. Үүнийг Засгийн газар дээр шийдээд 2015 оны сүүлийн улирлын төсвийг хоёр гуравдугаар улиралтай зохицуулалт хийх маягаар шийдсэн.

-Хөрөнгө оруулалтын тал дээр яриандаа онцолсон. Хөрөнгө оруулалт муу байгаа хэрэг үү. Тэгэхээр ашиглалтад орох эмнэлэг гэж байна уу?

-Бүх салбарын төсөв оны дараа хийгдсэн төсвийн тодотголоор 50 хувь болж буурч батлагдсан. Тиймээс эрүүл мэндийн салбар, тэр тусмаа дуулиан дагуулдаг царцаагдсан эмнэлгүүдмйн барилгуудыг гүйцээн барих асуудлууд дээр хүндрэл гарсан. Ялангуяа хүүхдийн бблон төрөх эмнэлгийн асуудлыг концессын гэрээгээр хэд хэдэн обьектын асуудлыг шийдэж байгаа. Төрийн албан хаагчдын хуучин эмнэлгийг нэгдсэн эмнэлгийн зориулалтаар барьж, ашиглах шилжүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ хийгдэн явж байна. 2015  оны төгсгөлд эхний шатны үйл ажиллагаа явагдах бололцоотой болох юм. Ирэх оны эхний хагас жилд энэ эмнэлэг бүрэн ашиглалтад орно.

-Өнөө Яармагийн дэнжийн төрөх эмнэлэг яахаар болсон бэ?

-Яармагийн дэнжийн төрөх эмнэлгийг мөн л концессийн гэрээг барьж ашиглалтад оруулахаар болсон. Эмнэлгийг бүрэн гүйцэт ашиглалтад оруулахад 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээгээр шийдэж байгаа.

Мөн оношилгоо шинжилгээ хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, түргэний машины асуудлуудыг төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй байсан тул БНХАУ-аас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжаас 50 сая ам.долларыг нь эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон. Үүний бэлтгэл ажлыг хангах гээд явж байна.

Засгийн газарт ямар ямар хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлэхээр болов. Хуулиудынхаа талаар мэдээлэл өгөөч. Эмнэлгийн салбаруудыг хувьчилна гэж байгаад үлдээсэн билүү?

-Манай яамны зүгээс Эм, эмийн хэрэгслийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эмнэлгийн зохион байгуулалтын тухай хууль зэрэг таван хуулийн төслийг өргөн барьж, Засгийн газарт хэлэлцүүлээд явж байна. Эдгээрээс хоёр хуулийн төслийг онцлон хэлэхийг хүсч байна. Эхнийх нь Эмнэлгийн зохион байгуулалтын тухай хууль юм. Уг хуулийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гол реформ гэж үзэж байгаа.

Улсын томоохон эмнэлгийн засаглалыг уг хуулиар өөрчилнө. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт шууд хувьчлалыг явуулах боломжгүй. Яагаад гэвэл эрүүл мэндийн гол ачааг төр нуруундаа үүрэхээс өөр аргагүй. Иргэдийн амьдрал ахуй хүнд, ядуурал нэмэгдэж амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байгаа нөхцөлд тусламж үйлчилгээнд хамрагдаж иргэдийн дийлэнх нь хүнд байна. Тиймээс төр өөрөө хариуцахаас өөр замгүй. Ийм нөхцөлд эрүүл мэндийн салбарыг хувьчилна гэдэг зүйлийг ярьж болохгүй. Хувьчлахгүй ч гэсэн бид засаглалыг нь өөрчлөх ёстой. Ингэхийн тулд эхлээд статусыг нь өөрчилнө.

-Яаж өөрчлөх юм?

-Төсөвт байгууллагын санхүүжилтын хуулийн дагуу тухайн жилд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тухайн эмнэлэг ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулж олсон орлогоо эмнэлгийн хөрөнгө оруулалт маягаар ашиглах, эмч албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Тийм болохоор Төрийн өмчит улсын эмнэлэг гэсэн статустай болгох гэж байгаа юм. Ингэхээр нэг талаасаа төсөвт байгууллага болохоор санхүүжилтээ авна.

Нөгөө талдаа үйл ажиллагааныхаа орлогоор өөрсдийн үйл ажиллагааг цаашид сайжруулах бололцоотой. Ийм боломж бүрдэхээр хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй адил бие дааж, өөрсдийн үйл ажиллагааг чанаржуулж өрсөлдөх боломж бүрдэх юм. Одоо бол үнэндээ ганц цонхны шилээ ч сольж чадахгүй хэмжээнд эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж байгаа тул чанартай сайн эмчилгээ үйлчилгээг бүрдүүлэх ямар ч боломжгүй байна. Энэ асуудал шийдэгдсэн.

Тэгвэл нөгөөх нэг давуу тал нь эмнэлгийг Удирдах зөвлөлтэй болгоно. Өнөөдөр сайд эмнэлгийн даргыг томилж байгаа бол эмнэлгийн Удирдах зөвлөл удирдлагуудаа сонгохоор хуулийн төсөлд туссан.

-Эмнэлэг бүр дээр Удирдах зөвлөл байгуулагдах уу. Тэгээд Удирдах зөвлөлөө яаж сонгох юм?

-Эмнэлэг тус бүрдээ Удирдах зөвлөлтэй байна. Энд үйлчлүүлэгчийн төлөөлөл, эмнэлгийн албан хаагчдын төлөөлөл, өмч хариуцаж байгаа буюу төрийн өмчийн холбогдох байгууллагын төлөөлөл, буюу ИТХ-ын төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй байх юм. Эмнэлгийн салбар цаашид бие дааж явах бүтэц зохион байгуулалтаар хангахад энэ хуулийн чиг хандлага оршино. Сайд эмнэлгийн даргыг томилохгүй болохоор сайдын шийдвэрийг хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг асуудал байхгүй болчихно. Сайд өөрөө улс төрийн томилгооны хүн байдаг тул тэр хүний гаргасан шийдвэр улс төрийн шийдвэр болж цаанаа буугаад байдаг юм.

Бид нэг хоёр эмнэлгийн дарга, эмийн санг өөрчилснөөр асуудлыг шийдэж чадахгүй. Харин иймэрхүү эрх зүйн зохицуулалт хийж орчныг өөрчилж байж иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа харилцаа муутай байна, эмнэлгийн үйпчилгээ муу байна гэдэг ярианаас гарна.

Мөн эмч нар нь давхар дээлтэй байх боломжийг хуулиар хасч өгнө. Үдээс өмнө улсын эмнэлэгт, үдээс хойш хувийн эмнэлэгт эмч нарыг ажилладаг гэдэг. Засаглалыг нь өөрчилж өгснөөр эмч нар тэгж чадахаа болино. Эмнэлэг ашигтай ажиллах боломж бүрдээд ирэхээр эмчид улсын эмнэлэгтээ ажиллах уу, хувийн эмнэлэгтээ ажиллах уу гэдэг сонголт үлдэнэ. Эцсийн бүлэгт эмнэлэг гэдэг үйлчилгээний байгууллага гэдгийг тэнд тогтоож өгөх ёстой.

Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн талаар ярих уу.

-Болноо...

-Манайд чанартай, чанаргүй эм мөн хуурамч эмүүд орж ирдэг гээд асуудал бий. Үүнийг эрх зүйн хувьд зохицуулалтхийж зөв зүйтэй болгохоор сая батлагдсан журмаар өндөр өртөгтэй гадаад улсад үйлдвэрлэгдсэн эмийг шууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд эмчилгээнд ашигпах бололцоотой болсон. Үүний хүрээнд дэлхийн хамгийн сүүлийн анагаахын шинжлэх ухааны орчин үеийн элэгний С вирусын эм болон бусад эмүүдийг ашиглахаар боллоо.

Нөгөөтэйгүүр тодорхой эрх зүйн зохицуулалтын хүрээнд эм ханган нийлүүлэх байгууллагыг маш нарийн эрх зүйн зохицуулалтаар шийдэж байгаа. Жишээлбэл гаднаас орж ирж буй эмүүд дээр тавих хяналт сул байна. Нэг эм эмнэлэг тус бүр дээр өөр өөр үнэтэй байдаг. Манайхан эмийг гаднаас цүнхэн дотроо нуугаад оруулж ирж байна л даа. Үүнээс болоод иргэдийн дунд айдас бий болдог. Далд байгаа эмийн урсгалыг яаж ил болгох вэ. Чанартай, чанаргүй, өөр өөр үнэтэй байгаад байгаа эмийг нэгдсэн үнэд оруулах нь асуудал болоод байна. Тиймээс эрх зүйн зохицуулалтын хүрээнд эмийн ерөнхий худалдан авалт гэдэг зүйлтэй болно.

Төрийн худалдан авалтыг зохион байгуулах эрх бүхий байгууллага ерөнхий худалдан авалтыг хийнэ гэдэг нь эмийн зах зээл дээр хамгийн их борлогддог эмийг ерөнхийд нь тэр байгууллага хийнэ. Энэ хүрээнд нийлүүлэгч талтай тогтвортой байх хүрээнд гурван жилийн хугацаанд нийлүүлэхээр тусгасан. Тэгж чадвал валютын ханшийн савлагаанд өртөхгүй. Дараа нь бүх эмнэлгүүдэд тогтсон нэг үнээр нийлүүлэх юм. Эмнэлгүүд дээр цаашид хувийн эмийн сангууд ажиллах бололцоогүй болно. Улсын эмнэлэгг зөвхөн улсын эмийн сан ажиллана.

Ингээд ирэхээр хувийн эмийн сангуудад өндөр үнээр зарагддаг эмүүдийн үнийн түвшин тэр хэмжээнд тогтох боломжтой болно л доо. Ингэснээр эцэст нь баталгаатай эмийг хамгийн хямд үнээр авах боломж иргэдэд бүрдэх юм. Тэгэхгүй бол эмнэлгүүд дээр эмийг тойрсон сүлжээ гэх мэт асуудлууд байсаар байна. Миний ярьсан бүхэн цоо шинэ зүйл биш. Шийлэгдамба гэдэг хүн ирээд хийчихээд байгаа юм биш. Маш олон жил ярьж, хийх нь зүйтэй гэж явсаар ирсэн Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хийж чадаагүй явсан юм.

-Эрүүл мэндийн салбарт иймэрхүү зүйл явагдаж байгаа юм байна. Харин спортын салбарын хувьд ямар бодлого барих вэ. Ирэх онд гэхэд Рио-гийн олимп болох гэж байна?

-Спортыг мэргэжлийн спорт, нийтийн биеийн тамир гэсэн хоёр төрөлд хөгжүүлэх зорилготой байгаа. Нийтийн биеийн тамир бол тэргүүлэх чиглэл юм. Спортын салбар өмнө нь хэрэгжүүлж ирсэн алхмаасаа ухарсан тал бий.Тухайлбал, хоёр жилийн өмнө бүтэц нь өөрчлөгдөж биеийн тамирын асуудал Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж байсан. Тэр үед яамны харьяа Улсын биеийн тамир спортын хороо гэж байгаад хөдөө орон нутгийнхаа байгууллагуудыг босоо удирдлагаар хангаж ажилласан. Дараа нь Соёл спорт, аялал жуулчлалын яам байгуулагдаж бүтэц өөрчлөгдөн агентлаг нь татан буугдаж хөдөө орон нутагт спортын бодлого хэрэгжүүлдэг байсан бүтэц задарч соёл урлагийн бодлоготой нэгтгэгдсэн.

Хэвтээ удирдлагатай болоод ирэхээр орон нутгийн спортын салбарынхан маш шүүмжлэлтэй хандсан. Харин Шийдлийн Засгийн газар байгуулагдаад үүнийг өөрчилж спортын асуудал эргээд Эрүүл мэндийн яаманд харьяалагдах болсон юм. Тиймээс өмнөх бүтцийг шууд хийх боломжгүй ч гэсэн аймгуудын спортын хороодыг дахин өмнөх нэршлээр нь бий болгож зохион байгуулалтыг өөрчилсөн. Спортын бодлого нь тусдаа явахаар өөрчлөлт орсон.

Төвөө удирдлага арга зүйгээр хангадаг байгууллага нь Спорт бэлтгэлийн төв нэртэй байсан. Тэнд бодлогыг хэрэгжүүлдэг үйл ажиллагаа алдагдсан тул Биеийн тамир спортын хөгжлийн төв болгон өөрчлөөд спортыг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг хэрэгжүүлдэг бүтэцтэй болгосон.

-Тамирчдын витамин энэ тэрийн мөнгө шийдэгдэхгүй байна гээд л тамирчид нь гомдол мэдүүлээд байдаг биз дээ?

-Спортын сапбарт анхаарал татаж буй өөр нэг асуудал нь 2000 оноос хойш өмнө нь үзүүлж байгаагүй тусламж дэмжлэгийг тамирчдад үзүүлдэг болсон. Томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж тамирчин, дасгалжуулагч, холбоодыг урамшуулдаг боллоо. Төрөөс спортын салбарт үзүүлж буй том дэмжлэг мөн үү гэвэл мөн. Нөгөө талд нь сайны хажуугаар саар гэгчээр ямар хүндрэлтэй асуудал үүссэн гэхээр хоорондын зөрчил хурцадсан. Үүний цаана мэдээж мөнгө төгрөгтэй холбоотой асуудал хөндөгдөж эрх мэдлийн төлөөх ширүүхэн тэмцлүүд эхэлсэн.

Мөнгө тойрсон. бие биенийхээ эсрэг хандсан, цаг хугацаа хэрүүл зарга болсон асуудал спортын нэлээд байгууллага дээр бий болоод байгаа. Эцэст нь багш нь багш шиг, шавь нь шавь шиг юунд зүрх сэтгэлээ гаргасан юм, түүндээ л зүрх сэтгэлээ гарга гэж байгаа юм. Мөнгөний хойноос өмнө нь гаргасан амжилтыг нурааж, ард түмнээрээ хайрлагдсан нэрийг сэвтээдэг байдлыг спортын салбараас ангид байлгах шаардлагатай. Спортын салбарыг хариуцсан сайдын хувьд хариуцлагатай, сахилга баттай, эв нэгдэлтэй байлгаж байж Рио-гийн олимпод орох ёстой гэж үзэж байна. 2015 онд ч гэсэн олимпийн эрх авах томоохон тэмцээн уралдаан болох тул эв нэгдэлтэй байх ёстой. Зарим нэг спорт холбоодыг эс тооцвол өмнө яригддаг байсан асуудал харьцангуй намжиж байгаа.