Занабазарын төрсөн нутагт гэрэлт хөшөөг нь анх удаагаа босголоо
Өндөр гэгээн Занабазар
2015.07.20

Занабазарын төрсөн нутагт гэрэлт хөшөөг нь анх удаагаа босголоо

Монголын нийгэм, улстөр, соёлын нэрт зүтгэлтэн Өндөргэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэх санаачлагыг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газарт танилцуулж, ойг тэмдэглэх Үндэсний хороо байгуулах шийдвэр гарсан юм.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор ахлуулсан 34 гишүүнтэй байгуулагдсан Ажлын хэсэг Өндөр гэгээний мэлмий гийсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэд хэд томоохон ажлыг хийхээр төлөвлөөд байсан юм.Түүний нэг  болох Өндөр гэгээн Занабазарын төрсөн газар Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт байрлах Мандаа толгой хэмээх газарт өнгөрсөн бямба гараг буюу зуны адаг сарын шинийн 2-нд гэрэлт хөшөө босгон аравнайллаа.

Өндөр гэгээн Занабазарын хүй дарсан газарт гэрэлт хөшөөг нь анх удаагаа босгосон бөгөөд энэхүү гэрэлт хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар болон аймаг, орон нутгийн удирдлага оролцсон юм. Энэ үеэр тус сумын Шувуутын голын хөндийд нутаглаж байсан Хадын Чулууны үр хүүхдүүд Алтан ганжуур судрыг 108 ширхэгийг бүтээлгэн Өндөр гэгээний мэндэлсэн газрын хийд Чогчин дуганд хандивласан юм. Мөн гэрэлт хөшөөний нээлтэд зориулж “Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадамыг зохион байгууллаа.