Усан дундах халуун цэг
Хятадууд Спратлийн бүлэг арлын Файери Крос шүрэн арал дээр хиймэл арал байгуулж байгаа нь
2015.06.09

Усан дундах халуун цэг

Сингапурт болсон “Шангри-Лагийн уулзалт”-ын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэхь арлуудын маргаан нь дэлхийн түвшний асуудал болсон гэдэг нь харагдлаа.  Энэ хэрэг зөвхөн Хятад болон түүний хөршүүдийн хэрэг биш, дэлхийн томхон тоглогчид, юун түрүүнд АНУ оролцсон халуухан асуудал болж хувирчээ.

IISS институтын тавдугаар сарын 29-31 нд Сингапурт зохион байгуулсан “Шангри-Лагийн уулзалт” –аар Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд нь Персийн булантай адилтгаж болохоор дэлхийн халуун цэгүүдийн нэг болсон гэдэг нь батлагдав. Хиймэл арлын арлын асуудал хурлын танхимд ч тэр, төлөөлөгч хоорондын хувийн ярианд ч тэр гол сэдэв болов.

Сүүлийн жил гаруйн хугацаанд Хятад улс Спратлийн бүлэг арлын орчимд бичил арлуудыг өргөтгөсөөр 4 км квадрат хэмжээтэй хиймэл арал бий болов. 

Энэ асуудал АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер, Хятадын ардын чөлөөлөх армийн Ерөнхий штабын дарга Сунь Цзянго нарын илтгэлийн гол сэдэв байлаа. Мөн Зүүн өмнөд Азийн орнуудын төлөөлөл энэ сэдвээр илтгэл тавьснаас гадна Европын Холбооны дипломат төлөөлөгчдийн ахлагч Федерика Могерини маргааныг шийдэхэд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлэв.

Эштон Картерын илтгэлийн гол агуулга нь АНУ нь олон улсын харилцаа, тогтвортой байдлыг хангагч улс болохын хувьд Ази тивийн улс төрийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж Спратлийн бүлэг арлын орчим Хятад улс хиймэл арал хийхийг шүүмжлэх ёстой гэдгийг онцлоход чиглэсэн байлаа. 

Фото: EPA / ТАСС

Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан нь тус усан орон зайд байх газрын тос, байгалийн хийн нөөцтэй бараг холбоогүй гэж хэлэхэд болно.  Ашигт малтмалын үндсэн нөөц маргаантай арлуудаас хол зайд оршдог.

Мөн үндсэрхэг үзэл, хятадуудын алдсанаа эргүүлж авах гэсэн санаатай ч бас холбоогүй.

Гол шалтгаан нь Өмнөд Хятадын тэнгис дэлхийн худалдааны гол маршрут болдогт байгаа юм. Энэ замаар Азийн эдийн засгуудын эрчим хүчний импортын үндсэн урсгал,  мөн Европ руу чиглэсэн экспортын урсгал дайрч өнгөрдөг.  Мөн Өмнөд Хятадын тэнгис нь Энэтхэгийн далай, Номхон далай хоёрын хооронд маш түргэн хугацаанд далайн флотыг шилжүүлэн байрлуулахад хамгийн тохиромжтой газар.  Энэ бүс нутагт цэргийн давуу талыг олсон улс дэлхийд нөлөөтэй болно.

Арлуудыг булаацалдаж байгаа Хятад болон Вьетнам, Филиппин тэргүүтэй Зүүн өмнөд Азийн орнууд нэгдүгээрт, дэд бүтцийн объектууд барих тохиромжтой цэг олох, хоёрдугаарт арлуудын эргэн тойрон дахь 12 миллийн радиустай усан бүсийг, 200 миллийн радиустай эдийн засгийн бүсийг эзэмших эрхийн төлөө тэмцэж байгаа аж.

Харин Хятадууд НҮБ-ын Тэнгисийн эрх зүйн Конвенцийг өөрийнхөөрөө тайлбарлаж 200 миллийн дотор жирийн хөлөг онгоц зорчиж болох ч Хятадын зөвшөөрөлгүйгээр цэргийнхэн энэ бүсэд нэвтрэх эрхгүй гэж үзэж байгаа аж.  Харин АНУ энэ байр суурийг эрс эсэргүүцэж далайн эрх зүйг зөрчиж байна хэмээн буруутгадаг.  Онолын хувьд, Хятадын санаархал хэрэгжвэл АНУ-ын флот энэ бүсэд орохооргүй болж Ойрхи Дорнод, Номхон далайн баруун хэсгийн хооронд хүч хувиарлах боломж хаагдана. Хэрэв ийм зүйл болвол бүс нутгийн хүчний тэнцвэр огцом өөрчлөгдөж Хятадын талд үйлчилж эхэлнэ.

Эдгээр арлын эдийн засгийн ач холбогдол өчүүхэн ч стратегийн үнэ цэнэ дэлхийн хэмжээний үр нөлөөтэй.  Бүс нутаг дахь аль ч цэргийн хямралын үр нөлөө нь дэлхийн улс төр, эдийн засагт шууд нөлөөлнө.  Өөрөөр хэлбэл дэлхийн худалдааны ачаа тээвэрлэлтийн горимд маш том өөрчлөлт орно.  Үүнийг Персийн булан, Улаан тэнгисийн усан замыг хаасантай адилтгаж болно. 

Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн сургуулилт

Сүүлийн жил гаруйн хугацаанд Хятад улс Спратлийн бүлэг арлын орчимд бичил арлуудыг өргөтгөсөөр 4 км квадрат хэмжээтэй хиймэл арал бий болов. Энд нисэх онгоцны буудал, флот байрлах дэд бүтцийн объектууд барих боломжтой болов.

Олон улсын тэнгисийн эрх зүйд зааснаар бичил арал дээр байгуулсан хиймэл арлуудын эргэн тойронд тухайн улс өмчлөлийн болон нөлөөллийн бүс байгуулах ёсгүй. Гэвч хятадууд хууль ёсны дагуу өөрийн арлуудыг өргөтгөсөн гэсэн тайлбар өгч байна. Арлын орчимд нисэх АНУ-ын онгоцууд болон ойролцоо хөвөх хөлөг онгоцууд нь Хятадын санаархлын эсрэг байгаа гэдгийг илэрхийлэхэд зориулсан аж. 

Гэхдээ хоёр тал одоогийн байдлаар зөрчлийг гүнзгийрүүлэхийг хүсэхгүй байна.  Ирэх есдүгээр сард Хятадын дарга Си Циньпин АНУ-д айлчлах үеэр улс төр, эдийн засгийн маш өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.  Тус айлчлал Бээжин, Вашингтоны хоорондох зөрчлийг арилгаж чадахгүй ч түр зуур тогтворжуулах боломжтой.