Цагаан суваргын ордыг"МАК"-д 100 хувь эзэмшүүлсэн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ
УИХ 2014 оны долоодугаар сарын 1 -нд баталсан 54 дүгээр тогтоолоороо Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн юм. Энэхүү тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, зургаадугаар зүйлийн нэг дэх хэсэг, 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн найм дахь заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор УИХ-ын дэд дарга Л.Цог Хан- Уул дүүргийн XV хороонд оршин суугч иргэнийхээ хувиар Цэцэд хандсан юм.
Энэ нь УИХ-ын гишүүн иргэнийхээ хувиар Цэцэд хандсан цөөхөн тохиолдлын нэг гэдгээрээ онцлогтой. Иргэн Л.Цогийн гаргасан гомдлыг Цэцийн 'гишүүн Ш.Цогтоо судалж үзээд маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Үүний дагуу өчигдөр Цэц дунд суудлын хуралдаанаа хийж дээрх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбат оролцсон юм. Туршлагатай хуульч иргэн Л.Цог, УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж буй Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар байр сууриа хэрхэн хамгаалж мэтгэлцэн Цэцээс ямар шийдвэр гаргуулсныг хүргэе.
Ш.ЦОГТОО: Иргэн Л.Цог Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн нэгд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт болон бусад холбогдох заалтыг үндэслэн Цэцэд гомдол гаргасан. Тэрбээр Цэцэд өгсөн мэдээлэлдээ Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын зэс молибдений орд бол улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн удаа хайгуул судалгаа хийсэн орд.
Гэтэл төр ямар ч хувь эзэмшихгүйгээр хувийн компанид шилжүүлэн өгч байгаа нь үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ- ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат Цэцэд ирүүлсэн мэдээллээрээ дамжуулан “УИХ ард түмнийг төлөөлж шийдвэр гаргадаг учраас байгалийн баялгийг захиран зарцуулах эрхтэй. Засгийн газар Цагаан суваргын ордын 34 хувийг эзэмшсэн тохиолдолд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн тооцоо гарсан.
Гэвч эдийн засгийн хүндрэлтэй, өрийн хязгаар таазандаа тулсан учраас Засгийн газар заавал хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн” гэх тайлбар ирүүлсэн. Мэтгэлцэгч хоёр талын тайлбараас гадна УИХ- ын Тамгын газраас 54 дүгээр тогтоолыг баталсан хурлын протокол, тухайн орд газрыг эзэмшигч “МАК” компаниас тайлбар авсан. Тус компанийн удирдлагууд Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Бичгээр тайлбар авсан учраас биелэн оролцуулах шаардлагагүй гэж үзсэн.
Ж.АМАРСАНАА: Хайгуулд улсын төсвөөс зарцуулсан мөнгийг “МАК” компани улсад төлсөн юм байна. Засгийн газраас санал тавьж энэ мөнгийг авсан юм уу, эсвэл “МАК” компани өөрийн санаачилгаараа төлсөн юм уу.
Ш.ЦОГТОО:Энэ ордод долоо жилийн турш төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байсан юм билээ. Үүнд зарцуулсан мөнгийг ам.долларт шилжүүлэн “МАК” компани 2005 онд төсөвт 714 мянган ам.доллар төлсөн. Тухайн үедээ “МАК” компани АТГ-тай гэрээ байгуулж энэ мөнгийг шилжүүлсэн байдаг. Харин тэр гэрээгээ ямар хуулийн дагуу хийснийг нь ойлгоогүй. Өөрөөр хэлбэл, ямар хуульд төрд хайгуул хийсэн мөнгийг нь буцаан өгч болно гэсэн заалт байдгийг хайгаад олоогүй.
Д.СУГАР: Ашигт малтмалын тухай хуульд төр 50,34 хүртэл хувийг эзэмшиж болно гэсэн заалт байдаг. Энэ заалтын дагуу бол төр хувь эзэмшихгүй байсан ч болно гэж ойлгож болох уу. Хэрвээ ингэж ойлгох нь зөв бол иргэн Л.Цог та УИХ-ын 54 дүгээр тогтоол бус Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцэд хандахгүй яасан юм бэ?
Л.ЦОГ: Яг энэ заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Цэцэд хандсан боловч хүлээн авч маргаан үүсгээгүй юм. Төр 34, 50 хүртэлх хувь эзэмшиж болно гэдэг нь нэг ч хувь эзэмшихгүй байж болно гэсэн үг.
Д.НАРАНЧИМЭГ: “МАК” компани 2005 онд улсад хайгуул хийсэн төлбөрийг нь төлчихсөн учраас тус компанийг өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэнд тооцсон гэж ойлгож болох уу. Хэрвээ ингэж тооцсон бол энэ нь төр хувь эзэмшихгүй байх шийдвэр гаргах шалтгаан болсон уу?
Л.ЦОГ: Улсын төсөвт хайгуул хийсэн мөнгийг нь төлсөн учраас 34 хувийг нь л төр эзэмшихээр анх Засгийн газраас өргөн барьсан юм. Гэтэл УИХ 34 хувийг нь ч эзэмших шаардлагагүй гээд шийдчихсэн. Энэ ордын нөөц бол хайгуул хийсэн зардалтай зүйрлүүлэхийн аргагүй их. Тэр их баялгаас эзэн нь болох ард иргэд хувь хүртэх ёстой.
Д.НАРАНЧИМЭГ:
Заавал төр хувь эзэмшиж байж иргэд ашиг хүртэнэ гэсэн үг үү. Төр татвар хураамжаа авч байгаа нь иргэдээ төлөөлөн үр шимийг нь хүртэж байгаа хэлбэр биш үү?
Л.ЦОГ:Тодорхой хувь нь төрийн мэдэлд байх юм бол илүү хуримтлал үүсгэх боломжтой.
Д.НАРАНЧИМЭГ:Цагаан суваргын орд нь стратегийн ордын жагсаалтад багтах шаардлага хангаагүй. Засгийн газар хөрөнгө гаргаад хувь эзэмших боломжгүй гэдэг үндэслэлээр 100 хувь “МАК”-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм байна. Яагаад стратегийн ордын шалгуурыг хангахгүй гэж үзсэн юм бэ. Мөн төр үнэхээр мөнгө гаргах боломжгүй гэж үзсэн шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
Д.ГАНБАТ: Энэ орд нь ДНБ-ий тав хувиас дээш хэмжээний олборлолт явуулах боломжтой орд биш учраас стратегийн ордын шаардлагыг хангаагүй юм. Засгийн газар 34 хувь эзэмшихээр шийдсэн тохиолдолд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно. Нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй, төсөв хүндрэлтэй байгаа үед энэ мөнгийг гаргах боломжгүй. Дээр нь, өрийн хэмжээ дээд хязгаартаа тулчихсан байгаа учраас зээл авах боломжгүй.
Л.ЦОГ: Засгийн газар 34 хувийг нь эзэмшье гээд оруулж ирсэн төслийг УИХ хувь эзэмших шаардлагагүй гээд шийдсэн. Зүгээр өгөхийн оронд ядаж “МАК” компанид 34 хувиа зарж болох байсан. Гэвч тэгээгүй. Тиймээс энэ бол зохион байгуулалттайгаар хийсэн зүйл.
Д.ГАНБАТ:Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд эрсдэл- тэй гэж дүгнэсэн юм. Яагаад гэвэл, түүхий эдийн ханш уналтгай байсан. Одоо ч тийм байгаа. Дээр нь, өнөөдөр хөрөнгө оруулалт хийгээд маргааш шууд ашгаа хүртэх- гүй учраас хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн.
Ш.ЦОГТОО: Цаашдаа энэ жишгээр хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй гээд томоохон ордуудаа гадаад, дотоодын компаниудад зүгээр өгөөд байж болох уу. Мөнгөгүй учраас төр хувь эзэмшихгүй байж болно гэсэн заалт бий юү?
Л.ЦОГ: Тийм заалт хаана ч байхгүй. Энэ удаад эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг далимдуулан дээрх үндэслэлийг бий болгосон. “МАК” компани Цагаан суваргын ордыг 100 эзэмшээд зогсохгүй, одоо гадаадаас хөрөнгө татахын тулд Засгийн газраас баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа.
Д.ГАНБАТ: Төр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталж байгаа. “МАК” бол үндэсний компани. Тэр компанид баталгаа гаргаж өгөх эсэх нь Засгийн газрын асуудал. Та УИХ дээр эсэргүүцээд дийлэхгүй болохоороо Цэцэд хандаж байгаа чинь зарчмын хувьд хэр зөв юм бэ.
Л.ЦОГ: Энэ бол УИХ-ын гишүүдийн хоорондын маргаан биш. Би иргэнийхээ хувьд Цэцэд хандсан юм. УИХ хууль зөрчөөгүй юм аа гэхэд хамгийн наад зах нь шударга , бус байна шүү дээ.
Д.ГАНБАТ:Та ганцхан компани дээр төвлөрч асуудал тавиад байгаа чинь ямар шалтгаантай юм бэ?
Л.ЦОГ:Би ганцхан компани дээр анхаарлаа хандуулаад байгаа юм биш. Харин та л хуралдааны турш нэг компанийг өмгөөлөөд яриад байх юм.
Д.ГАНБАТ: Би УИХ-ын гишүүн учраас бүх аж ахуйн нэгж, ард иргэдийг төлөөлөх, өмгөөлж хамгаалах эрхтэй. Цэц дунд суудлын хуралдаанаараа иргэн Л.Цогийн гаргасан гомдлыг ийнхүү хэлэлцээд УИХ-ын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.