“Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа
2015.05.14

“Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед  тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм.

Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран ажиллаж их  ажлыг хийх шаардлагатай байна.

ХАХНХЯ, Жендэрийн Үндэсний Хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Хүчирхийллийг таслан зогсоох бидний оролцоо” лекцийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 6-ны өдөр Чингис зочид буудлын Хурлын танхимд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гэр бүлийн зөрчил маргааныг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэх арга замууд” сэдвээр, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад залуучуудын хандлага ба оролцоо” сэдвээр тус тус лекц уншлаа.

Мөн энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан зарласан Гэрэл зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, лекцийн үеэр шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардууллаа.