З.Баянсэлэнгэ: УИХ хариуцлагагүй ажиллаж байгаа нь үнэн
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй
2015.01.07

З.Баянсэлэнгэ: УИХ хариуцлагагүй ажиллаж байгаа нь үнэн

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгөний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн шүү дээ. Энэ асуудлын хариу ирсэн үү?

-Оны өмнө Засгийн газраас оруулж ирсэн алдарт ээжүүдэд жилд нэг удаа олгодог мөнгийг хасах, сар бүр олгодог хүүхдийн мөнгийг хасах зэрэг асуудлуудаар эмэгтэй гишүүдэд хандаж иргэдээс захидал ирсэн. Тиймээс бид энэ асуудлуудаас үүдэж нийгэм эдийн засагтай холбоотой ямар үр дүн гарах вэ гэдгийг судалж, ард иргэдийн дунд бухимдал үүсэх вий гэдэг үүднээс Ерөнхий сайдтай уулзсан. Санал солилцсон.

Ерөнхий сайд эдгээр асуудлуудыг үе шаттай зохион байгуулалттай хийнэ. Тухайлбал, социализмын үед алдарт ээжийн одон авснаас хойш хамгийн дээд талын  хүүхэд нь 18 нас хүрэхэд одонгийн мөнгийг нь цуцлаж байсан жишээ байна. Тэгэхээр бид тухайн үеийн хуулийн үзэл баримтлал, тухайн мөнгийг олгох үндэслэл нь хүүхдийн мөнгө нэртэй явж байжээ. Гэтэл одоо 18 нас хүрчихсэн цаашлаад аав ээж болчихсон, эмээ болчихсон  хүмүүсийн мөнгөний асуудал яригдаж байна.

Давхар хүүхдийн мөнгө гээд 20 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа учраас үе шаттайгаар энэ асуудалд хандах нь зүйтэй. Энэ асуудлыг эмэгтэй гишүүд та нар ч бас ойлгож ажиллаач ээ гэж санал солилцсон. Ер нь бол бид нийгмийн аливаа халамжинд зориулан мөнгө төсөвлүүлэх сонирхолтой байдаг. Гэхдээ өнөөдөр улсын төсөв хүндрэлтэй байна, түүнчлэн халамжийн мөнгө үр ашигтай зарцуулагдаж чадаж байгаа эсэхэд нь хяналт тавьж чадахгүй байна.

ХАХНХЯ-аас гаргасан судалгаагаар хүн амын амьжиргааны түвшинг 20 бүлэгт хуваасан байдаг. Энэ бүлгийн 16 бүлэг нь хасагдаж, хамгийн сүүлийн 4 зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгоно гэж Засгийн газраас оруулж ирж байна. Бид энэ судалгааг харья, ямар шалгуур үзүүлэлтээр энэ 16 бүлгийг хассан юм. 20 бүлгээ зөв зохистой хувааж чадсан юм уу гэдгийг анхаарна.

-Төсвийн тодотголоор дөрвөн төрлийн татварын асуудал яригдаад байна. Энэ татвар нь хямралаас гарахын тулд иргэдээсээ авч байгаа нэг гарц гэж зарим гишүүд хэлж байна. Энэ тал дээр таны бодол?

-Татвар нэмэгдэж байна. Өнөөдөр улсын төсөв мэдээж татвараас бүрдэж байгаа. Гэхдээ энэ татвар өнөөдөр улсын төсвийг нэмэгдүүлэхүйц хэмжээний оновчтой зөв шийдэл, гарц мөн үү гэдэг дээр анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй болов уу. Жишээлбэл, малын хөлийн татвар байна.

Тухайн орон нутгийн ард иргэд малчдаасаа асууж, энэ татвар хэр оновчтой вэ, өөрсдөд нь ачаалал нэмэгдэх үү гэдгийг асууж ярилцах ёстой. Малчдаа дэмжсэн ноосны урамшуулал гэхэд улстөрчид өөрсдийнхөө амбицаар л шийдчихсэн асуудал шүү дээ. Урамшуулал олгоно гэчихээд үр ашигтай урамшуулал олгож чадахгүй цөөн хэдэн  хүний дунд л эргэлдээд байгаа гэсэн яриа ч гардаг.

Тиймээс малын хөлийн татвар гэдэг асуудал бухимдал үүсгэх вий. Орон нутагт нь эрхийг шилжүүлэхдээ хязгаарлалт хэрэгжилтийг нь хэр оновчтой гаргаж өгөх юм. Тэгэхгүй бол орон нутаг нь ард иргэдээсээ, малчдаасаа өндөр татварын хувь хэмжээ тогтоож, малчдад дарамт шахалт болох вий дээ гэдэг асуудлыг ч ярилцаж байна. Засгийн газар 905 тэрбум  төгрөгөөр орлогоо бууруулж оруулж ирж байгаа нь зүй зохистой боловч танах зардлууд ч бас байна.

Тэр үүднээсээ татвар дээр бид болгоомжтой хандах ёстой. Малчдаас ашгийн орлогын татвар гэж авдаг, дээрээс нь малын хөлийн татвар авах нь хэр оновчтой вэ зэргээр янз бүрийн талаас нь ярилцаж байна. Тэгж байж энэ асуудалд шийдвэр гарна.

-Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Засгийн газрын хямралаас гарах бодлого нь буруу байна гэж Бие даагч гишүүдийн зүгээс хэлж байгаа. Таны хувьд Засгийн газарт хамтарсан намын гишүүн ч гэлээ Засгийн газрын эдийн засгийн хямралаас гарах бодлого нь хэр зөв зүйтэй гэж харж байгаа вэ?

-Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах, даван туулах бодлогын асуудлаараа хуралдаад 2015 оны төсвийн тодотголыг оруулж ирж байна. Оруулж ирсэн төсвийг ерөнхийд нь дэмжиж байгаа. 905 тэрбумын орлогыг бууруулж, тэр хэмжээний зардлыг танасан төсөв оруулж ирж байна.

Гэхдээ өнөөдөр хямралаас гарах асуудал нь зөвхөн мөнгийг хасахдаа биш төрийн зөв бодлого, зөв тогтолцоон дээр байх ёстой. Өнөөдөр оруулж ирж байгаа хууль, хэрэгжилт хоёр амьдрал дээр хэр бодитой нийцэх гэдгийг харах ёстой. Хөндлөнгөөс харахад асуудлыг шийдэх гэж л улайран зүтгэж байгаа хэлбэр ажиглагдаж байна.

Маш богино хугацаанд асуудлуудыг шийдье гэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ асуудлуудыг зөвхөн өнгөц хэлбэрээр буюу толгой илэх маягаар шийдвэрлэх биш, ул сууриар нь шийдвэл сайн байна. Тухайлбал, төрийн захиргааны албан хаагчдыг дүрэмт хувцас өмсөхийг хассан байна.

Төрийн байгууллагууд өөр өөрийн дүрэмт хувцас өмсдөг, тэр нь улсын төсөв дээр тодорхой хэмжээний ачаалал үүсгэдэг, салбарууд хоорондоо өрсөлдөх амбицийн асуудал яригддаг. Төрийн захиргааны ажилчид маань уг нь иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгуулагын албан хаагчид.

Гэтэл төрийн хувцас өмсөөд ирэхээрээ дүрэмт хувцасаараа сүрдүүлж, айлгах ичээх, дарамтлах, хүнд суртал гаргах асуудал нь их байдаг. Ингэснээр иргэд, төрийн албан хаагч хоёрын харилцаа хандлагад асуудал үүсдэг. Үүнийг нэг мөр шийдэж, төрийн үйлчилгээний албан хаагчийн үүргээ биелүүлэх тэр зохицуулалт хийгдэх ёстой гэж харж байна. Ер нь төрийн зөв бодлого л хамралаас гарах, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг даван туулах гол зам.

-2015 он гараад шинэ төсвийн хууль хэрэгжиж эхэлсэн. Гэвч хууль тогтоогчид төсвөө цагт нь батлаагүйгээс хэд хэдэн яам төсөвгүйгээр он дамналаа. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй. УИХ хариуцлагагүй ажилласан гэх шүүмжлэл байна?

-УИХ хариуцлагагүй ажиллаж байгаа нь үнэн. Хариуцлагагүй ажиллаж байгаа учраас шүүгч нарын цалинтай холбоотой маргаантай асуудлыг УИХ өөрөө бий болгосон. Хууль зөрчсөн шийдвэрийг УИХ гаргасан. Тэр хуулиараа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн баталсан тэр цалингаар явж байна.

Тухайлбал, өнөөдөр дөрвөн шүүгч тэтгэвэрт гаргахад 800 сая  төгрөгийн ачаалал улсын төсөвт ирж байна. Энэ үүднээсээ УИХ тодорхой хугацаанд буруу ажилласан. Өнөөдөр хүртэл он дамжуулаад салсан яамдын ажилчдын цалин хөлс зэрэг маш олон ээдрээтэй асуудал үүссэн. Энэ асуудлыг олон шалтгаанаар тайлбарлаж болно.

Нэгд, УИХ хариуцлагагүй ажилласан. Хоёрт, Засгийн газар хугацаандаа асуудлуудаа оруулж ирсэнгүй. Энд улстөрийн нөхцөл байдал, дотоод хямрал ч байлаа. Шударга ёс эвслийн хувьд Засгийн газарт хамтарч байгаа гэдэг талаас нь биш алдааг нь засаж сайжруулъя гэсэн зарчмаараа ажиллаж байна. Хойшид ч ингэж ажиллах болно.

-Хууль тогтоогчид хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Шинэ он гараад “Шилэн данс”-ны тухай хууль хэрэгжээд эхэллээ. Яам тамгын газрууд энэ хуулийг хэр хэрэгжүүлж байгаа бол?

-Шилэн дансны хуулинд Ерөнхийлөгч нилээн ач холбогдол өгсөн. УИХ-ын гишүүд энэ хуулийг орж ирэхэд Нягтлан бодлох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн хуультай зөрчилдөж байна зэрэг янз бүрийн шалтгаанаар засаж сайжруулахаар хэлэлцсэн. Миний авсан мэдээллээр байгууллагууд Шилэн дансныхаа мэдээллийг байршуулаагүй байна гэсэн.

Мэдээж оны эхний өдрүүд учраас харгалзаж үзэж болно. Ер нь бол энэ хууль батлагдсан, одоо хэрэгжих ёстой. Хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Тиймээс Засгийн газар нилээн шахаж ажиллах байх. Бид ч бас энэ асуудалд хяналтаа тавина. УИХ ер нь Засгийн газарт тавих хяналтын чиг үүргээ сайн хэрэгжүүлэх ёстой. Цаашдаа Байнгын хороодын чадавхи сайжрах ётсой.

Өнөөдөр Байнгын хороо сул байх юм бол салбар, салбарын яамдын сайддаа үг хэлж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй. Тиймээс байнгын хороод чадавхитай болох ёстой. Байнгын хороод гэдэг УИХ-ын бүтцийн байгууллага. Тиймээс УИХ-ын гишүүд өөрсдөө эхнээсээ хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарах ёстой.