Эх орны цэрэг Ш.Жадамбаа генерал
2012.04.30

Эх орны цэрэг Ш.Жадамбаа генерал

Ардчилал хэмээн бужигнахаас арай өмнөхөн юмсан. Ардын уран зохиолч Т.Галсан авгай магнайлдаг жилийн "Болор цом" тун ширүүн болсон билээ. Нам засгаа загнаж зандарсан аястай шүлэг олон сонсогдож Улстөрийн товчоог сүрхий цочоосон юм даг. Тэр олон шүлэг дунд миний "Багт наадам" шүлгийн нэр ч сонсогдож л байлаа. Мөнхүү Д.Отгонсүрэн найрагчийн "Наян тохой майдар", Ц.Чимиддоржийн маань "Сэлбэ" гээд шүүмжлэлт аясаар дүүрэн шүлэг сонсогдов. Далан жил уншаагүй шүлгээ сонссон үзэгч олон general-010"Болор цом", "Болор цом" хэмээн шуугиж байхад яруу найрагчдыг урьж наадам хийх санаа, сийрэг ухаан нэгэн аавын хүүд төрсөн аж. Тэр хүн, тухайн цагийн Батлан хамгаалахын, сайд, дэслэгч генерал Шагалын Жадамбаа гуай байлаа. Нэг л өдөр МЗЭ-ийн сурталчилгаа эрхэлсэн эрхэм хүн болж тушаал дэвсээд байсан "өндөр Чойжгоо" /манай нэрт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Чойжилсүрэнг бид ийн авгайлдаг/-гийн утас тачигнаж Батлан хамгаалах яамнаас сайдын туслах ярьсан байна. "Цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн наадам хамтран зохион байгуулъя..." гэсэн санал гаргажээ.

 

Зохиолчдын хороо, яруу найрагчдын баг дуртайяа хүлээн авав. Ер тэр өдрүүдэд эх орон, тусгаар тогтнолыг яруу онгодоор хөглөн дуулж үндэсний бахархлын галыг хүн хүний зүрхэнд асаах нь ухаантай аавын хүүгийн зоригтой хийх ажил байсан юмдаг.

Тун ч удалгүй гуравдугаар сар гарлаа. Цэргийн баяр хаяанд ирсэн үеэр Зохиолчдын хорооны үүдэнд "Эх орны цэрэг" яруу найр гийн наадам гуравдугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт Офицеруудын ордонд болно" хэмээх зарлал байв. Тухайн он жилүүдэд яруу найргийн наадам, тэмцээн болж л гэмээнэ ногт ганзагалан ухасхийдэг хэдэн "өвчтэй эр" байсан юм. О.Дашбалбар, Ц.Чимиддорж, Ч.Мягмарсүрэн /"Сумын заан"/, Л.Мягмарсүрэн, Дан.Нямаа гээд "80-аад" оныхон гэх залуус 30 дөнгөж гараад л дарвиж явж дээ. Арай ахмад үеэс Д.Цоодол.Т.Очирхүү, Д.Отгонсүрэн нарын ид л нас бие жигдэрч ир ханасан найрагчид зодоглосон юм. Үзэгчдийн алга ташилт ч бороо шиг шаагиж урамтай гэж жигтэйхэн. Ер үзэгч, сонсогчийн танхимд оюутан ч юм уу, цэрэг олон байх сайхан байдаг юм. Шүлэг сонссон цэргүүдийн алга таших гэдэг марш хөгжим мэт нир нирхийнэ. Ийм сайхан танхимд 30 гаруй найрагч шүлгэн хүлгээ сойж, мэргэн шүүгчийн суудалд Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Х.Сампилдэндэв тэргүүтэй эрдэмтэн судлаачид ярайтал суув.

Тэдний арын эгнээнд сайд, дэслэгч генерал Шагалын Жадамбаа гуай яамны хэдэн генералаа дагуулж ирээд эгнэн суусан нь улаан шар алаглаад сүртэйг юу гэх вэ. Манайхан шүлгээ уншихын өмнө цэргийн хөгжимд марш эгшиглэж, үзэгч олон командаар ярсхийтэл босч их тайзнаа жанжин тугаа залсан нь найргийн наадмыг бүр ч сүртэй болголоо. Найрагчид ч шүлгээ уншив. "Шивээ хиагт", "Магнаг үсэгтэй туг"-аас эхтэй цэргийн дуу эгшиглэж, омог бардам онгод халиун найрагчдын цэц амтагдсан хийморьлог шүлгүүд цуурайтаж чухам тэр өдөр дайны тэнгэрт сүлд болон намирч, дарийн утаа үнэрлэж явсан жанжин тугийг баярлуулах шиг болж билээ. Монгол цэргийн сүр сүлд угийн бадрангуй хэлэх үү, уншсан шүлгүүдийн жигд сайныг ярих уу наадам сайхан болов. Шүүгчдийн дүн гарахад миний бичсэн "Жанжин Дэмидийн тарьсан мод" шүлэг тэргүүн байр эзэлж сайд, дэслэгч генерал Шагалын Жадамбаа гуай надад цом, 300 төгрөгтэй өгч "За хүү, олон   сайн   шүлэг  бичээрэй"   гээд үнсэж билээ. Генералын захиж хэлснээр цэрэг эх орны сэдэвт олон шүлэг бичсэн би. "Эх орны цэрэг" анхны наадмын цом нь их бууны хонгио урлаж хийсэн цом байсан юм. Дараа дараагийн яруу найргийн наадам улам ч төгөлдөр сайхан болж 1999 онд "Цэрэг төрөхийн цадиг" шүлгээр хоёр дахь удаа түрүү авахад Батлан хамгаалах яам надад анх удаа сэлэм гардуулсан нь одоо ч миний гэрийн хананд хадагтай заларч байдаг юм. Илд гэдэг эр хүний хийморь сүлдийг манаж байдаг эд болоод ч тэр үү манай яруу найрагчид сэлэмтэй "жанжин найрагч" болдог хэрэг гээд жагсаалаараа цувж очиж нааддаг болсон юм. р.Бадарч багш түрүүлж сэлэмт найрагч болсны дараа Д.Цоодол сэлэмтэй төдийгүй дуулгатай, манеркатай болоход Т.Галсан гуай, "За, чи одоо дайнд явах чинь л дутуу байна..." гэсэн гэдэг. Б.Лхагвасүрэн ах дараахан нь "Илдийг цагаатгахуй" шүлгээрээ "жанжин найрагч" болж, харин манай Т.Очирхүү ах "Эр цэргийг эх орон нь дууДдаг" гэж сайхан шүлэг уншаад түрүүлж, "Сэлэм өгөх юм бодсон чинь мөнгөн аяга өгчихлөө..." гээд инээлдэж явсан сан. Юутай ч, эх орны цэрэг дэслэгч генерал Шагналын Жадамбаа гуайн санаачилсан "Эх орны цэрэг" яруу найргийн наадмаас тусгаар тогтнол, эрх чөлөөний тухай олон шилдэг дуулал шүлэг төрөн гарч жанжин тугийг баярлуулж, жагсаалын цэргийг бахархуулж явсан билээ л.

Эх сурвалж: Монголын үнэн Д.Төрбат

/Төрийн шагналт, СГЗ, яруу найрагч/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.