Д.Ганхуяг: Гэмтэл авснаас офицер болох мөрөөдөл минь талаар болсон
2009.06.22

Д.Ганхуяг: Гэмтэл авснаас офицер болох мөрөөдөл минь талаар болсон

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг "Bridge" группийг үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Харин түүнийг үндэсний болон чөлөөт бөхөөр цөөнгүй жил хичээллэж явсныг мэдэх хүн олон биш болов уу. Архангай аймгийн Тариат сумын уугуул түүнтэй хөөрөлдлөө.

-Таныг үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэж сонссон. Ямар нэг зэрэг, цолтой юу?

-18 нас хүртлээ идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, үндэсний бөхөөр хичээллэсэн. Аймагтаа наймд орж, бидон, дээлийн даавуугаар шагнуулж байлаа. Хожим чөлөөт бөхөөр хэсэг хичээллэсэн. Зэрэг, цолгүй ээ. 20 гарсан хойноо жүдогоор хичээллэсэн, хар бүстэй, гурван дантай. Ер нь үндэсний бөхийг бүх спортын анхдагч гэж боддог. Олон давуу талтай. Манай Өсөхбаяр аваргын өвөө Буур Жамъяан Архангай аймгийн Цахир сумынх. Буурайгийнхаа 110 насны ойг тэмдэглэж, наймдугаар сарын 5-нд төрсөн суманд нь наадам зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг нь би 10 жилийн сургуулиа төгсөөд ОХУ-д Цэргийн сургуульд холбооны инженер мэргэжлээр сурахаар төлөвлөж байлаа. Тэгээд карентинд гарчихсан байтал бөхийн тэмцээн болдог юм. Түүнд оролцоод нэг хүүтэй барилдаж байгаад гараа хугалчихсан. Ингээд л Цэргийн сургуульд явах минь талаар болов. Аав минь тэр үед "Нэг үзээд бүтээгүй зүйлээр дахиж оролдох хэрэггүй" гэж хэлсэн. Ингээд л нэг жил өнжөөд Физикийн факультетад багшийн ангид хоёр жил суралцсан.

-Таныг шууд л Японд сурахаар явсан гэж бодсон юм. Эндээ сурч байгаад шалгаруулалтад тэнцээд явсан юм уу?

-1984 он шүү дээ. Тэр үед төрийн зардлаар Японд суралцуулах хүүхдүүдийг шалгаруулахаар МУИС, Багшийн дээд сургуулийн физик, математикийн ангийн эрэгтэй оюутнуудаас шалгалт авсан юм. Түүнийг нь өгч тэнцээд л явсан. Явахаасаа өмнө гурван сар япон хэлний бэлтгэлд суусан. Хөдөөний хүүхдүүд СССР-т суралцахыг мөрөөддөг байсан ч хүний хувь заяа өөр юм билээ. Япон хэлний анхан шатны хэлний мэдлэгтэй болсон ч ханз нь хэцүү 2-3 өөр дуудлагатай 20 ханз өдөрт цээжлээд нэг хэсэг үзсэн дээ.

-Япон гэхээр нийгэм нэг л таагүй хүлээж авдаг байсан байх даа.

-Эндээс явахад ГХЯ, Боловсролын яамныхан "За эх орныхоо нэрийг бодож сураарай. Тэр чинь импералист улс бүх зүйл нь эсрэг. Чийдэнгийн гэрлээ хүртэл эсрэг тал руу эрүүлж чангалдаг юм" гээд захисан. Эндээс хоёулаа давсан Тэнд очиход нэг эмэгтэй бид хоёрын нэрийг бичсэн цаас бариад тоссон. Таксинд суутал жолооч нь цагаан бээлийтэй, халзан толгойтой нөхөр. "За энэ ч аягүй бол тагнуул байх" гэж айж байсан. Тэгээд л удалгүй олны дунд бужигнаад дассан. Тэр үед Эрхүү, Валидовстокоор дамжиж нисдэг байлаа. Заримдаа тасалбар авах гэж их удна. Тэгэхээр тасалбар бичдэг хүмүүсийг бохиор "хахуульдаад" л асуудлаа шийднэ шүү дээ. /инээв/.

Эхлээд Токио хотын гадаад хэлний дээд сургуулийн япон хэлний анги, дараа нь Киото хотын Политехникийн дээд сургуульд сурч хими, технологийн инженер мэргэжлээр төгссөн. Хувцасны будгийг нефтиэс гаргаж авах аргад суралцсан нь тэр. Ирээд "Говь" үйлдвэрт хог цэвэрлэхээс ажлын гараагаа эхэлсэн. Хоёр жил хагас ажиллаж байтал нийгмийн тогтолцоо ч өөрчлөгдсөн. Японд суралцаж төгссөн 10 инженер тэнд ажиллаж байлаа. Гурван жил дараалж төгссөн найзуудтайгаа нийлээд 1991 онд орчуулга, зуучлалын компани байгууллаа. Тэр үед япон хэлтэй хүн, тэр тусмаа техник технологийн инженер ховор байсан. Монголчууддаа таван доллараар орчуулга хийж өгч үйл ажиллагаа эхэлсэн. Японд хувийн хэвшил нь түрүүлдэг, хөгжингүй орнуудад тусламж зээл их үзүүлдэг байсан. Ингээд л тэдний тусламж, зээлийг эх орондоо татав. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг ийм эх үүсвэрээр байгуулж, Багануурын уурхайн машин тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Сониноос тэр үед одоо АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэнд механик инженер байлаа. Сүүлдээ барилгын салбарт хүч үзсэн. Найзуудтайгаа анхнаасаа зарчмаа тохирсон учир эвтэй найртай сайхан ажилласаар өдийг хүрлээ.

-Одоо хааяа нэг спортоор хичээллэнэ биз?

-Хөдөлгөөнтэй байхгүй бол толгой ажиллахгүй байх шиг санагддаг юм. Тиймээс долоо хоногт гурван удаа гүйдэг, амралтынхаа өдрөөр гадаа залуустай сагс тоглоно. Жин нэлээд нэмээд байсан учир сүүлийн хоёр жил эрчимтэй хичээллэж байгаа. Үр дүн ч гараад байгаа шүү.

-Та хэдэн кг жинтэй юм бэ?

-Одоо 90 орчим кг-тай. Бүр 110 кг байсан хасаад ийм болоод байна. Дахиад 4-5 кг хасчихвал болно гэж үзэж байгаа.

-Та ан сонирхдог уу?

-Нутагтаа очихоороо хааяа ан хийчихнэ ээ. Хийморьтой амьтан болохоор хааяа чоно унагадаг юм. Бас манай Архангайн Тэрхийн цагаан нуур хавиар тарвага ихтэй. Тэнд хааяа тарвага сахидаг.

-Эхнэртэйгээ хэрхэн танилцсан тухайгаа сонирхуулаач.

-Оюутан байхдаа танилцсан. Манай эхнэр Орост сурч байсан. Нэг салбарын оюутнууд яамнаас ирэх, очихын замын зардал, хувцасны мөнгө зэргээ авдаг байлаа. Мөнгөө авах гээд оюутнууд дугаарлаад зогсоно. Тэр үед нэг эмэгтэй урдуураа хүн оруулаад л зогсоод байсан. "Овоо хүлээцтэй хүн байна" гэж анхаарч хараад л эргүүлсэн дээ. Дөрвөн жил үерхээд 1991 онд бид гэр бүл болсон. Одоо хүү, охинтой. Хүү маань Сингапурт ахлах сургуульд сурдаг, энэ жил 18 нас хүрнэ. Авьяастай хүү бий. Охин маань гуравдугаар анги. Өглөө бүр намайг үдэж, орой угтдаг юм. Нэг үнсэж, нэг үнсүүлээд л ажилдаа явж өгнө дөө. Стресстэй ажил хийж байгаа хүн ажилдаа тайван ирэх сайхан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.