УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.02.25

НҮБ-ын хөгжлийн тусламжийн хэрэгжилтийг хэлэлцлээ

НҮБ-аас Монгол Улсад 2012-2016 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах хурал өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн байранд боллоо.

Гадаад харилцааны сайд Л.Болд тус хурлыг нээж хэлсэн үгэндээ НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгааг тэмдэглээд “Монгол Улс, монгол хүний хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанны үр, өгөөжийг иргэдэд хүртээхэд Та бидний нягт хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцоллоо.

НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ 2012-2016 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх тусламжийн ерөнхий хүрээ нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлсэн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан, цаг үеийн чухал асуудлуудыг багцлан стратегийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон баримт бичиг болохыг талууд онцолж, 2012-2013 оны тайлангийн хугацаанд хийсэн ажлуудын үр дүнгээс гадна цаашдын хамтын ажиллагааны талаарх санал, зөвлөмжийг хэлэлцлээ.

Тайлангийн хугацаанд буюу 2012-2013 онд оролцогч талууд ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, хүрээлэн байгаа орчны тэнцвэртэй байдлыг хангах, ардчилсан засаглал ба хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэж үзлээ. Ялангуяа 2013 онд үйл ажиллагааны хэрэгжилт өмнөх оноос эрчимжсэн нь НҮБ-ын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээс харагдаж байгааг сайд Л.Болд цохон тэмдэглэлээ.

Засгийн газартай хамтран санхүүжилтийг эрэлхийлэх, зардал хуваах асуудал Хөгжлийн тусламжийн хүрээний баримт бичигт тусгагдсан нь шинэлэг болсон бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж байгаа “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх” төслийг дэмжиж, уг судалгааны төвийн үйл ажиллагааг тогтворжуулахад зориулж Засгийн газраас 330 мянган ам.долларыг эхний ээлжинд хандивласныг хурлын үеэр талууд онцолж байлаа.

Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан арга хэмжээнүүдийг 2014-2016 онд бүрэн хэрэгжүүлэх, улмаар Мянганы хөгжлийн үндэсний зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэсэн олон бүтээлч санал, зөвлөмж хурлын үеэр гарсан нь цаашдын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.