Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сайншанд-Хамрын хийд чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамын нээлтэд оролцлоо.
2013.11.20

Хамрын хийдийн автозам ашиглалтад орлоо

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчтэй хөгжиж, нийт жуулчдын 80 хувийг монголчууд эзлэх болжээ. Аялал жуулчлалын гол чиглэл нь Хамрын хийд, энергийн төв, Хан Баянзүрх уул чиглэлээр үргэлжилдэг. 

Жуулчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхийн тулд  Сайншанд-Хамрын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай автозамыг улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьж ашиглалтад орууллаа.  

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчтэй хөгжиж байна.

Замын барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hengchang urban  construction” компани, туслан гүйцэтгэгчээр “Замын битум” компани ажилласан байна.

Замын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Ноён хутагтын үндэслэсэн Хамрын хийд болон энергийн төвийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед  шинэ зам ашиглалтад хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа хэлээд замын ажлыг хугацаанд нь чанартай барьж гүйцэтгэсэн замчдад баяр хүргэлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан тус замын засвар арчлалтын ажлыг цаг тухайд нь чанартай хийж, цаашид орон нутгийн төсвийн хөрөнгө болон бусад бололцоогоо ашиглан аяллал жуулчлалын чиглэлийн замыг нэмж барина гэж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэллээ.