Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
2013.10.29

Газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх нь зохицохгүй гэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс даваа гариг бүр мэдээлэл хийдэг. Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар мэдээлэл хийсэн юм. Бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр валютын ханшийн асуудал маш эмзэг сэдэв болж байна. Өсч, буурч байгаа байдлыг хариуцах эзэн алга байна. Үүнийг зах зээлийн хар гар удирдаж байгаа гэсэн тайлбарыг холбогдох байгууллагынхан өгдөг.

Хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийм байдал үүсээд байгаа талаар хариуцах эзэн байдаггүй. Иймд үүнийг хариуцах эзэнтэй болгоё гэсэн саналтай байна. Монголбанк мөнгөний бодлого дээр тодорхой зорилтуудаа тавьж өгөх ёстой” гэсэн бол

Өнөөдөр валютын ханшийн асуудал маш эмзэг сэдэв болж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ долоо хоногт хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн гол хуулийн төсөл бол Газрын тухай хууль. Энэхүү хуулийн төслийн анхаарал татаж байгаа нэг зүйл бол бэлчээрийг хувьчлах асуудал юм. Бидний зүгээс бэлчээрийг хувьчлах шаардлагагүй гэж үзэж байгаа.

Харин газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх нь зохицохгүй байна гэдэг. Иймд үүнийг хуулиар зааглан өгөх нь зүйн хэрэг гэж үзэж байна. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Ажлын хэсгийн гишүүд Дорнод болон Дорноговь аймагт энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна” гэв.