2013.09.19

Мэндчилгээ

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн хамт олонд

Монгол Улсад уламжлалт анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх нэр төртэй, хариуцлагатай үйл хэрэгт оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн ахмадууд, залгамж үеийнхэн, өнөө үеийн судлаач, эрдэмтэн, ажилтан Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар болон Боловсрол, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс салбарын эрдэм шинжилгээний байгууллагын 40 жилийн ой, Монгол улсад уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсны 54 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Танай хамт олны эрдэм судлалын ажлын нөр их хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд бусад эрдмийн хамт олонд үлгэр дууриал болж байна.

Монгол улсын нэрт эрдэмтэн, академич Ц.Хайдавын үүсгэл санаачлагаар эрдэм судлалын анхны шангаа татсан "Байгалийн нэгдлийн хүрээлэн” хэмээх энэхүү эрдэм шинжилгээний байгууллага өнөөдөр орчин цагийн судалгааны арга зүй, техник, технологид суурилсан, өндөр мэргэжсэн эрдэмтэн судлаачдаар бүрэн хангагдсан, эрдэм шинжилгээ, сургалт, туршилт-үйлдвэрлэлийн чиглэлд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах хүчин чадал бүхий Шинжлэх ухаан, технологи-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл болтлоо өргөжин хөгжжээ. Уламжлалт анагаахын шинжлэх ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтаар арвижуулан хөгжүүлэх, олон улсад түгээн дэлгэрүүлэх, салбарын эрдэмтэн, судлаачдын залуу халааг бэлтгэх, уламжлалт анагаахын эмч хэмээх ариун үйлстнийг сургаж боловсруулах үйлсэд хүндтэй үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж талархал илэрхийлье.

Тус нэгдлийн эрдэмтэн судлаачдын хөдөлмөр бүтээлээр бий болсон уламжлалт эм, эмчилгээ “Монгол брэнд” бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хөгжиж, монгол эмчилгээний арга, эмнэлгийн үйлчилгээ олон улсад танигдаж, Монголын уламжлалт анагаахын шинжлэх ухааны нэр хүнд өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь Танай хамт олны эрдэм судлалын ажлын нөр их хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд бусад эрдмийн хамт олонд үлгэр дууриал болж буйг тэмдэглэж байна.

Цаашид ололт амжилтаа улам бататгаж, эрдэм судлалын ажлаа эрчимжүүлэн хөгжүүлж, тус салбарт дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд улам ихийг бүтээх шаардлага байна. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн эрдэмтэн, судлаачид, хамт олон идэвхи, чармайлттай ажиллаж, чансаатай бүтээл, туурвил олныг гаргаж, улс орныхоо цаашдын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эрхэм баян-эрдэм ухаан арвижих болтугай.

Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр