Байгаль орчны хамгааллын талаар зөвлөлдөнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар хуралдана
2013.09.16

Байгаль орчны хамгааллын талаар зөвлөлдөнө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/, ХБНГУ-ын BGR төслөөс хамтран зохион байгуулдаг “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” найм дах удаагийн хурал өнөөдөр эхэлж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус хурал “Уурхайн хаалт, байгаль орчны хамгааллын асуудлаархи төрийн бодлого,  хамтын ажиллагаа”, “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын өнөөгийн түвшин” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулах аж.

“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал”  хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар оролцож, салбарын эрхзүйн шинэчлэл, баримтлах бодлогын талаар илтгэл тавих юм байна. 

Мөн МХЕГ, АМГ зэрэг холбогдох агентлагууд, ТББ, аж ахуйн нэгжүүд оролцож “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн байдал, анхаарах асуудлууд”, “Уул уурхайн салбар дахь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал”, “Бичил уул уурхай дахь байгаль орчны хамгааллын асуудал”, “Байгаль орчныг хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг”, “Налайхын их уурхайн өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих аж.

Хуралдаан эхний өдөр Кемпински зочид буудалд болох ба удаах өдөр нь Төв аймгийн Заамар суманд Баянгол уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төслийн үйл ажиллагаатай танилцах юм байна.