2013.05.03

Гишүүд хэвлэл мэдээллийн эзэд учраас эрх чөлөөний хуулийг батлуулаагүй

Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандахтай хэвлэлийн эрх чөлөөний хууль болон сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийн талаар ярилцлаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний хууль арван жилийн хугацаанд ганц өөрчлөлт ороогүй хууль. Саяхан дорвитой өөрчлөлт орох хоёр хуулийн төсөл хэлэлцсэн ч гишүүдийн зүгээс хүчтэй лоббинд орж, санаачлагч нь буцаан татсан билээ. Тэд гүтгэлэг, доромжлолын хуулиар бамбай хийдгээ болихоос айсан. Бид яах ёстой вэ?

Ерөнхийдөө хэвлэлийн эрх чөлөөний хууль хэлэлцэгдэж байгаад буцаагдсан нь улс төрчдийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх эрмэлзлэл байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэх байдалд хүргэсэн. Хамгийн гол нь энэ хуулийн төсөл нь муугүй хуулийн төсөл байсан.

Тухайлбал редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах, нууц эх сурвалжаа хамгаалах, ёс зүйн консулыг албан ёсоор байгуулах гэх мэтчилэн чухал заалтууд орсон байсан ч хамгийн гол нь хууль хэлэлцэж, их хурлын танхимд сууж байгаа гишүүд өөрсдөө хэвлэл мэдээлэл эзэмшигчид байсан учраас зөрчилтэй байсан учир, өөрсдийнхөө ашиг сонирхлоор асуудлыг шийдвэрлэсэн.

Гүтгэлэг доромжлолын хувьд ер нь эрүүгийн хуульнаас энэ заалтыг хасч, иргэний хуулиар гүтгэлэг, доромжлолыг шийддэг олон улсын практик, жишиг байдаг.

Яагаад гэхээр эрүүгийн хуулиар асуудлыг шийдэх нь хэвлэлийн эрх чөлөөнд халдах, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн үйл ажиллагаанд дарамт шахалт болж байгаа учраас эрүүгийн хуулиар асуудлыг шийдвэрлэх нь зохимжгүй байна. Тэгэхээр эрүүгийн  хуулиас иргэний хуулиар зохицуулдаг болохоос гадна мэдээлэл авах болон мэдээллийн эрх чөлөөний хуулийг сайжруулах шаардлага байгаа.

Мөн хэвлэлийн эрх чөлөөний хуулийг сайжруулахаас гадна өөр олон холбогдох хууль тогтоомжийг сайжруулахаас өөр аргагүй байгаа.

-Тухайлбал?

Төрийн нууцын тухай хууль, байгууллагын нууцын тухай хууль, татварын тухай багц хуулиуд байна.

Татварын хуулиар татвар төлөгчдийн улсын төсөвт бүрдүүлж байгаа орлого нь нууц байх жишээтэй.  Энэ мэтчилэн асуудлууд нууц хэвээрээ байгаа тохиолдолд сэтгүүлчдийг ямар аргаар мэдээллээ авч, яаж тэрийгээ баталгаажуулж, яаж олон нийтэд бодитой тэнцвэртэй мэдээлэл хүргэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Ийм үед эрх чөлөө ярих боломжгүй
-Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн байдал өнөөдөр ямар байдалтай байна вэ?

Хөдөлмөрийн зохистой нөхцөлийг хангах нь өөрөө хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах нэг зайлшгүй асуудал. Хэдийгээр хуулиар хэвлэлийн эрх чөлөөг үг хэлэх эрхээр хангаад байхад сэтгүүлчид тэр эрх чөлөөг өдөр тутмынхаа ажилд хэрэгжүүлэх ямар ч нөхцөл боломжоор хангагдаагүй байх тохиолдол их. Ийм үед эрх чөлөө ярих боломжгүй.

Тэгэхээр зохистой хөдөлмөрийн нөхцөлд жишээлбэл нийгмийн хамгаалалд хамрагдсан байх, зохистой цалин хөлсний үнэлгээтэй байх, ёс зүйгээ нэр төртэйгөөр биелүүлэх бололцоог хэлнэ.

Гэтэл өнөөдөр нэг сэтгүүлч өдөрт арван мэдээ бэлтгэхэд ямар чанартай, тэнцвэртэй мэдээ гарах нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бүхэн зохистой хөдөлмөрийн асуудалтай холбоотой.

-Үйлдвэрчний эвлэл байгуулсанаараа ямар ач холбогдолтой вэ?

Үндсэндээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг эрх мэдэлжүүлэх маш том зэвсэг. Яагаад өнөөдөр сэтгүүлчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж,  цалингаа нэмүүлж чадахгүй байгаа юм бэ, сургалтад суухын төлөө цалингаасаа хасуулж байна вэ. Яагаад гэвэл бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг, өөрийн гэсэн үйлдвэрчний эвлэл, салбар хэвлэл мэдээллийн салбарт байхгүй байна.

Хуультай байгаа шал ондоо. Хөдөлмөрийн гэрээ, эрхийг шаардах эрхтэй цорын ганц газар нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллага.

Ийм байгууллага хэвлэлийн салбарт байхгүй болохоор сэтгүүлчдийн дуу хоолой сул байгаа юм.