Холбоочид Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийлээ.
2013.05.27

Н.Алтанхуяг: “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь холбоочдын тэргүүлэх зорилт

Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийн 148 жилийн ой тохиож холбоочид Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийлээ.

Монгол Улс “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр баталж, 2016 онд хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа. Энэ хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлэх нь тус салбарын тэргүүлэх зорилт гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг баярын хуралд оролцохдоо хэллээ.

Яам, агентлаг, төрийн байгууллагууд дор бүрнээ мэдээллийн технологи хөгжүүлэх гэж төсөв хөрөнгө, хүн хүч зардаг ч үйлчилгээндээ дорвитой ахиц гаргаж чадахгүй байсан.

Ийм байдлыг халж, мэдээллийн технологийн сүлжээг нэг газраас удирдан, нэгдсэн бодлогоор хангаж эхэлсэн нь энэ салбарт хийсэн гол шинэчлэл гэж Ерөнхий сайд хэлээд энэ шинэчлэлийн үр жимсийг иргэд амталж байх учиртай гэлээ.

Төрийн хүнд суртлыг халж, нээлттэй, шуурхай, хариуцлагатай ажиллахын тулд мэдээллийн технологийг Шинэчлэлийн Засгийн газар эрчимтэй ашиглаж байгаагийн илэрхийлэл нь “11 11 төв” юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгож байлаа.