Манай хүүхдүүд долоо хоногт сургуулиасаа заавал шинэ ном авч уншдаг. Энэ үйл явц айл бүхэнд, анги бүхэнд явагдаж байх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ “Номын баярын өдөр”-ийн ёслолын арга хэмжээг нээж үг хэлэв
2012.09.16

Манай хүүхдүүд долоо хоногт сургуулиасаа заавал шинэ ном авч уншдаг. Энэ үйл явц айл бүхэнд, анги бүхэнд явагдаж байх ёстой.

Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Номын цагаан буян дэлгэрсэн энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ баярлалаа. Саяхан би Иран Улсад айлчлал хийснийг та бүхэн мэдэж байгаа. Айлчлал хийх явцдаа өвөг дээдсийнхээ хийж бүтээж, цогцлоон байгуулсан аугаа их соёлын дурсгалтай танилцаж, хүндэтгэн биширч, бидний өвөг дээдсийн үлдээсэн аугаа өв соёлыг цааш нь түгээж явах ёстой гэсэн ойлголтоо улам бүр гүнзгийрүүлсэн юм.

Бидний өвөг дээдэс арвин сан хөмрөгтэй номын сангууд байгуулж, одон орон судлах хамгийн том төвийг Персийн буланд босгож байсан суу билэгт хүмүүс.

Хамгийн том бүтээл, хамгийн том номын санг бидний өвөг дээдэс бүтээн туурвиж, сүндэрлүүлж байсан байх юм. Тэнд Монголын Эзэнт гүрний түүхийг бичгийн их мэргэдээр тэмдэглүүлж байсан байдаг. Та бид бүгдээрээ мэднэ, Рашид Аддины тухай.  Тэр хүн эрдэмтдийг зохион байгуулж түүх цадиг бичүүлж, судалгааны баг ахалж байсан байдаг. Тэнд Монголын Газан, Өлзийт хаадууд бидний өвөг дээдсийн суу алдрыг үргэлжлүүлэн соёл номын ажлыг хөгжүүлж байсан байдаг. Ил хаант Улсын Өлзийт хаан бол олон хэл мэддэг, асар их эрдэмтэй хүн байж. Тэрээр сургууль, эмнэлгүүдийг олноор байгуулж, өөрийнхөө дэргэд 600 гаруй  эрдэмтнийг багтаасан асар том судалгааны төв байгуулж хааны сангаас ивээн тэтгэж байсан түүхтэй.

Иран Улсын дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманейтэй уулзаж  байхад Монголын эзэнт гүрний суу алдрын тухай хүүрнэн ярьж байсан. Рашид Аддин дэлхийн түүхийг есөн ботиор бичүүлж, Монголын түүхийг мөн ботилон хэвлүүлж байсан нэгэн.

Тэр цагийн зарим бүтээл нь өнөөг хүртэл  өвлөгдөн үлдсэн, харин зарим нь устаж үгүй болсон байдаг. Миний бие Турк Улсын Ерөнхийлөгчид хүсэлт тавьсны дагуу “Судрын чуулган”-ы электрон эхийг Монголдоо залж авчирлаа. Ном бол буянтай, аугаа гэгээрлийг бий болгож байдаг, ерөөс хүмүүний сайн сайхан замаар замнахын үүдийг нээж байдаг тийм эрхэм нандин зүйл.

Бид номыг дээдэлж ирсэн өвөг дээдсийнхээ, төр ёсны уламжлал, ард түмний өвийг цааш үргэлжлүүлэн цэцэглүүлэх хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатар хотод биш бүх аймаг, сумдад “Номын баярыг тэмдэглэх тухай” энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсынхаа дөрвөн зүг найман зовхисоос, бүх сумдаас иргэд маань төлөөлөл болон энд цугласан байна. Өнөөдөр Төрийн ордонд “Шууд ардчилал” нэрийн дор иргэний оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалт болж байгаа нь ийнхүү номын баяртай давхцаж байна.

Нэг үе номын сангийн үйл ажиллагаа хаагдсэн хэцүү үеийг бид туулсан. Дөнгөж сая энэ талбай дээр гаргасан үзэсгэлэнтэй танилцахад ном хэвлэдэг газрууд ямар олон болсныг, ном худалдаалдаг газрууд ямар их болсныг, мөн ном уншдаг газрууд олноор бий болж байгааг харахад сайхан байна. Энэ гэгээн үйлсийг төрийн тэргүүнээс нь эхлээд багийн дарга хүртэл, төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээж байгаа, түмний өмнө ачаа үүрч байгаа хүн бүхэн хийх ёстой.

Яг ийм баярыг сум бүхэнд, аймаг бүхэнд, манай хот бүхэнд хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр ном уншихаар хүнд мэдлэг тогтдог, мэдлэг тогтоод ирэхээр хүний сэтгэл тогтож ирдэг, сэтгэл тогтоод ирэхээр хүний үйлдэл тогтдог. Сэтгэл тогтоно гэдэг бол хүний сэтгэл зөв болно гэсэн үг, мэдлэг тогтоно гэдэг бол мэдлэг зөв болно гэсэн үг. Хүний сэтгэл зөв болохоор тэр хүнээс гарч байгаа үйлдэл нь зөв байдаг.

Тэгэхээр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлье, зөв хүн болгоё, сайн хүн болгоё гэвэл бол номтой нөхөрлүүлж, ном уншуулах хэрэгтэй. Би өөрөөрөө үлгэр жишээ авдаг. Манай хүүхдүүд долоо хоногт сургуулиасаа заавал шинэ ном авч уншдаг. Энэ долоо хоногт тэдэн ном уншлаа гэж өөр хоорондоо ярилцаж байдаг. Тэгэхээр энэ үйл явц айл бүхэнд, анги бүхэнд явагдаж байх ёстой. Үүнийг урсгалаар нь орхиж болохгүй. Багш нар дэмжих ёстой. Манай захирлууд дэмжих ёстой. Эцэг эхчүүд ч дэмжих ёстой. Хүүхэддээ сайн ном авч уншуулна гэдэг хүүхэддээ сайн үйл хийж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. Иймээс цаашид бид ном хэвлэж байгаа газрууд, ном бичиж байгаа хүмүүсийг дэмждэг, урамшуулдаг, алдаршуулдаг болж олон нийтдээ хүргэдэг байх ёстой.

Алдартай сайн зохиолчдынхоо тухай сонсоод, тэр хүнтэй уулзахыг хүсдэг хүмүүс олон байдаг. Номын баярын өдрөөр нэртэй зохиолчид, залуу зохиолчид, хүүхдийн зохиолчид гээд энэ агуу үйлсийг бүтээн тууривдаг хүмүүс уншигчтайгаа уулздаг байх ёстой.   

Үүнээс хойш манай зохиолчид хөдөө орон нутгаар явдаг, сумдад   очоод уулзалт хийдэг байвал сайхан. Дээр үед зохиолч уншигчдын уулзалт гэж болдог байсан. Ямар гайхамшигтай уулзалт болдог байв аа? Тэр уулзалтад очиж чадаагүйдээ үлдсэн хүмүүс нь харамсаж үлддэг, очсон хүмүүс нь баярлаж үлддэг байсан. Ийм зүйлүүдээ бид үргэлжлүүлж сэргээх ёстой. Зөвхөн энэ өдөр биш бүх өдөр хийж байх ёстой гэж бодож байна.

Эрт цагт тэр аугаа их бүтээл туурвиж номыг эрхэмлэж явсан өвөг дээдэс маань биднийг харж байгаа гэдэгт би итгэж байна. Хубилай хааны үед Монголд анх удаа “Нэвтэрхий толь бичиг” Монгол, Уйгар хэлээр гарч байсан шүү дээ. Мөн Солонгос Улсруу 17.000 номтой номын сан бэлэглэж байсан байгаа юм. Бидний өвөг дээдэс ийм л гайхамшигт түүхийг бүтээсэн.

Одоо сум бүхэн сайн номын сантай, сургууль бүхэн сайн номын сантай, албан байгууллага бүхэн сайн номын сантай, ном уншдаг өрөө танхимтай болох хэрэгтэй. Чингэвэл Монголын оюун билэг, эрдэм ухаан зөв хөгжинө. Монголын хөгжил зөв болно. Монгол хүн зөв болно. Цаашид зөвхөн нэг зарлигийн хүрээнд орхилгүй, дүрэм журам болгоод, манай яамд, уншигчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ном хэвлэлийн газрууд хамтран ажиллаасай гэж хүсч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.