2013.01.09

Б.Цогоог байнгын хорооны гишүүд дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.Цогоогийн томилгооны талаар хэлэлцэн, дэмжлээ.  

Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох асуудлыг хэлэлцсэн боловч түүний төрийн албанд ажилласан талаарх зарим лавлагааг тодруулах  үүднээс уг асуудал түр хойшлогдоод байсан юм.

УИХ-ын дэд дарга М.Энхболд

Нэр дэвшигчийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Төрийн албыг мэргэшүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, орон зай, үзэл баримтлалын хувьд улам боловсронгуй болгоход анхаарч ажиллахыг гишүүд захисан бөгөөд төрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд энэ албаны үүрэг их гэдгийг гишүүд онцолж, аливаа улс төрийн шахалт, дарамтаас ангид ажиллахыг Б.Цогоод зөвлөсөн. Түүнчлэн төрийн албанд тогтвортой байдал нэлээд чухал гэдгийг дурдаж, зарим жишээ, баримтыг ч хэлж байлаа.

Ингээд санал хураахад Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхи Б.Цогоог дэмжсэн юм.