Парламент шинэ оноо ээдрээгүй угтаж магадгүй
УИХ дахь МАН-ын гишүүд бүлэг байгуулан түүнийгээ баталгаажуулах асуудлыг бараг хагас жил ярив. Гэвч энэ асуудал жигдрэхгүй явсаар он дамжихдаа тулаад байсан. Харин өчигдөр МАН-ын гишүүд хуралдсан нь ямар нэгэн асуудлын түлхүүрийг олохоор ухаанаа уралдуулж буй гэх таавар саарал ордонд аялав. Гэвч хуралдааны дараа бүлгийн ахлагч Н.Энхболд “Зөвшилцөл явагдсан болохоос шийдэлд хүрээгүй учир мэдээлээд байх шаардлагагүй” гэв. Харин намын зарим гишүүдийн ярьснаар тус намын бүлгийг баталгаажуулах асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар оруулах дээр тал талаасаа тохиролцсон.
Ингэхийн тулд нэг биш нэлээн хэдэн удаа хуралдаанаа хойшлуулаад байгаа А.Бакей даргатай Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах хэрэгтэй байгаа гэв. Харин тас гэдийчихээд байсан АН-ынхан МАН-ын гишүүд бүлэгтэй болох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн гэдгийг тус намын гишүүн Д.Дэмбэрэл хэлж байв. Ямартай ч энэ асуудалд хоёр нам тохиролцсон гэж байгаа улстөрчдийн ааш хөдөлчихгүй л бол энэ долоо хоногт сөрөг хүчин “сөрөх эрхээ” олж авч магадгүй байна.
Хэрэв ингэж чадвал шинэ оны өмнө парламент хэл ам, хэрүүл тэмцлээ гээж болохоор байгааг МАН-ынхан хэлж байна.
Харин бараг домог болоод байгаа тангараг өргөх таван гишүүний асуудлыг хэсэгчлэн шийдэх хэрэгтэй гэдэг гаргалгааг МАН-ынхан хийсэн байна. Хууль шүүхээр худал үнэнээ тогтоолгох гэж буй нь үлдэж, хуудуугүй хэсэг нь оны өмнө гишүүн болох ёстой гэсэн байр сууриа ч тэд АН-ын удирдлагуудад тавьсан байна. Харин үүнийг шийдвэрлэх эсэх нь олонхийг бүрдүүлж буй нөхдөөс шалтгаалах болж үлдэв. Харин МАН, МАХН-тай нэгдэж бүдүүн бүлэг байгуулах гэж байгаа тухай яриаг худал цуурхал гэв. Энэ талаар ярих нь том асуудал учир томоохон яриа өрнөж байж шийдэгдэх ёстой гэсэн байр суурийг МАН-ын гишүүд илэрхийлэв. Элэг бүтэн болохоос эхлээд сөрөг хүчингүй яваа парламент оны өмнө ямар шийдвэрт хүрч, яаж ажиллахыг цаг хугацаа л харуулах үлдлээ.