Дархан-Уул, Дорнод аймаг,Сүхбаатар дүүрэгт нэг сая төгрөг тараасан асуудал хариултгүй үлдлээ
2012.10.30

Дархан-Уул, Дорнод аймаг,Сүхбаатар дүүрэгт нэг сая төгрөг тараасан асуудал хариултгүй үлдлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас Сангийн сайд асан Д.Хаянхярваад тавьсан асуулгын хариуг сонслоо. Гэвч Д.Хаянхярваа сайдын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Сангийн сайд Ч.Улаан товч танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариуллаа.

     Асуулга нь Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгтэй холбоотой бөгөөд уг ажлын явц болон сонгуулийн үеэр гурван аймаг, нэг дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бүтнээр олгосон тухай байлаа.

    Сангийн сайд Ч.Улааны хэлж буйгаар Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг болон хоёр дахь ээлжийн 330 мянган төгрөгийг олгоод байгаа юм байна. Харин гурав дахь ээлжийн 340 мянган төгрөгийг олгох ажил зогсоод байгаа ажээ. Учир нь үлдэгдэл мөнгийг олгох санхүүгийн эх үүсвэр байхгүй байгаа юм байна. 2011 онд баталсан Хүний хөгжил сангийн хуульд Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний төлбөрөөс уг мөнгийг санхүүжүүлэхээр тусгаад байсан ч уг гэрээ тасалдсаны улмаас мөнгө тараах ажил зогсчээ. Тиймээс гурав дахь ээлжийн буюу сүүлчийн мөнгийг тараах 313 тэрбум төгрөгийг. хэзээ, хэрхэн, юунаас санхүүжүүлэх тухай эрхзүйн орчин бий болгож өгөхийг Сангийн сайд хэлж байлаа. Гэхдээ улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан уг мөнгийг ойрын ирээдүйд олгох тухай асуудал байхгүй гэдгийг Ч.Улаан сайд нуугаагүй юм.

Харин Дархан-Уул, Дорнод, Архангай болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдзд бүтнээр олгогдсон нэг сая төгрөгийн тухайд тухайн үед асуудал хариуцаж байсан Д.Хаян-хярваа сайд тайлбар өгөх нь зүйтэй хэмээн Ч.Улаан сайд танилцуулгаа өндөрлөлөө.

     Асуулгын хариутай холбоотой гишүүд асуулт асуув. Тухайлбал, С.Бямбацогт гишүүн МАН-аас санал болгож байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд cap бүр олгох 21 мянган төгрөгийн асуудлыг хэрхэн өгөх талаар лавлалаа. Гэвч энэ нь хэлэлцэж буй асуудалтай холбоогүй учир Дэгийн тухай хуулийн дагуу хариулт өгөх шаардлагагүй тул дараагийн гишүүнд чанга яригч шилжсэн.

Харин асуулга тавьсан Г.Уянга гишүүн асуудалд нэлээд нухацтай хандаж байв. Тэрээр сонгууль болохоос өмнө тухайн үед Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын нутаг болох Дорнод аймгийн иргэд нэг сая төгрөгийг бүтнээр авсан. Гэхдээ тэр үед журамд заасан зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ажиллах чадвартай, 20 гаруй насны залуучууд ч авсан гэдгийг хэллээ.

   Түүнчлэн Сангийн сайд асан Д.Хаянхярваа нэр дэвшиж байсан Дархан-Уул аймгийн иргэддээ өгсөн. Дэд сайдаар нь ажиллаж байсан Д.Ганхуягийн нэр дэвшсэн Сүхбаатар дүүргийн иргэд мөн авсан. Энэ бүхэн нь сонгуулийн дүнд илтэд нөлөөлсөн хэмээн Г.Уянга гишүүн хэллээ.

Үүнээс үүдэн дээрх аймгуудыг хэрхэн сонгосон талаар маргаан үүссэн юм.

Г.Уянга гишүүний дээрх асуултад хуралдаанд оролцож буй Нийгмийн хамгааллын яамны Халамжийн газрын даргаа Н.Баярсайхан болон Төрийн өмчийн хороо, Сангийн яамны төлөөллөөс хэн ч тодорхой хариулт хэлсэнгүй.

Зөвхөн тарааж өг гэсэн хуваарийн дагуу өгсөн, аймгуудыг хэрхэн сонгосон үйл явцад оролцоогүй гэх үгийг л ээлж дараалан бувтнасаар байв. Тэгэхэд УИХ-ын даргын зүгээс "Хэн гэдэг хүн ег гэж гарын үсэг зурж өгсөн юм, асуугаад байна" хэмээн хэдэнтээ асуусан боловч хариулт авч чадсангүй.

    Тэгэхэд нь Сангийн сайд Ч.Улаан Тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг одоо ингэж улалзуулаад яахав. Харин тухайн үед гарын үсэг зурсан хүн нь энэ тохиолдолд би үүрэг өгсөн гэх улс төрийн соёлтой байх хэрэгтэй шүү дээ. Ер нь уг мөнгөний үлдсэнийг нь олгоё гэхэд ахмад настанд 21 мянган төгрөг олгохтой барьцалдуулж хэн нь эсрэг товчлуур дарсан билээ. Одоо бултах хэрэггүй шүү дээ" гэсэн нь МАН-ын гишүүдийн дургүйцлийг хүргэж орхив бололтой Д.Оюун-хорол гишүүн МАН-д хамаарууллаа хэмээн ихэд уурсан "Одоо хэн олонхи байгаад нь хэлээч. Ер нь эх үүсвэрийг бүрдүүлж, үлдсэн мөнгийг олгох нь таны үүрэг. Ийм хариуцлагагүй зүйл ярих хэрэггүй. Ялгаж салгаж ойлго" хэмээн Ч.Улаан сайд руу баахан давшлав.

    Ийнхүү асуулгын хариуг сонсох нэртэй хуралдаан болсон ч тодорхой шийдэлд хүрсэнгүй өндөрлөсөн. Гагцхүү нэгэнт амласан нэг сая төгрөгийн үлдэгдлийг олгоход зориулсан мөнгөний эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх талаар хууль гаргах юм байна гэсэн ойлголттой л үлдэв. Түүнчлэн тухайн үеийн Сангийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлагуудын аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө яагаад бүтнээр нь авсан гэсэн асуулт хариулгүй үлдлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.