В.Путин У.Чавест хар гөлөг илгээжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавест бэлэг илгээжээ. Гэхдээ бэлгийг В.Путин биш Оросын газрын тосны хамгийн том компани "Роснефть"-ийн захирал Игорь Сечин дамжуулан өгсөн аж. В.Путин У.Чавест "Black Russian Terrier" буюу "Оросын хар терьер" хэмээх үүлдрийн гөлгөн нохой илгээсэн байна. Орост хөгжүүлэн гарган авсан уг үүлдрийн нохой биерхүү болдог учраас хүмүүс ихэвчлэн хамгаалалтад зориулан тэжээдэг гэнэ. Мөн үнэрлэх чадвар өндөртэй уг нохойг цагдаагийн хүчинд ихээр ашигладаг аж. Ийм төрлийн нохойг Орост "Сталины нохой" хэмээн хочилдог байна. И.Сечиний сэтгүүлчдэд мэдээлснээр, В.Путиний У.Чавест илгээсэн нохой гурван сартай аж. Тэрбээр цааш нь, "У.Чавес бэлгийг тун баяртайгаар хүлээн авсан.
Гэхдээ түүнд ямар нэр өгөхөө хараахан шийдээгүй байгаа. Тэр түүнийг хайрлан асрамжлахаа илэрхийлсэн. Маргааш ямар нэр өгснөө дуулгана гэж амласан" гэжээ. Дашрамд дурдахад, үүнээс өмнө Японы Ерөнхий сайд Ёшихико Нода В.Путинд Япон үүлдрийн өхөөрдөм гөлөг бэлэглэж, хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлж байсан юм.