Г.Баярсайхан: Би нэг асуудал дээр маш их сэтгэл хангалуун байгаа
2009.06.25

Г.Баярсайхан: Би нэг асуудал дээр маш их сэтгэл хангалуун байгаа

-Хаврын чуулган өндөрлөөд амралтаараа хамгийн түрүүнд та ямар ажил хийхээр төлөвлөж байна âэ?
-Амралтаараа хамгийн түрүүнд би ноднин жил Салхитын аманд арван мянган ширхэг суулгац тарьсан. Суулгацаа очиж эргэнэ. Надад олдсон суулгац маань нас бага, их намхан суулгац олдсон л доо. Тийм суулгацууд яг амьдрал дээр дасан зохицоод амьдрах чадвар бага байдаг юм байна. Гэхдээ миний суулгацууд бараг 60 гаруй хувь нь ургасан. Тухайн үедээ нэг манаач суулгасан ч ямаа, үхэр гээд захиргаагүй нөхдүүд дайрч ороод талыг нь идчихсэн байна лээ. Үлдсэнийгээ энэ чигтээ сайн арчлаад, дахиад хэдэн суулгац Салхитын амандаа суулгаж, моджуулах төслөө үргэлжлүүлэх ажлаа хийнэ. 


За тэгээд гадагшаа явна àа. Энэ жил бас нэг их олон гадагшаа явсангүй. Катар явъя гэсэн бодолтой байгаа. Би чинь Катар-монголын парламентын бүлгийн дарга шүү дээ. Тэндээс намайг Шейх уриад байгаа юм. Эндээс бас нэг хэдэн бизнесийн байгууллагын төлөөлөгчдийг аваад явах бодолтой байгаа. Яахав бас бизнес хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Бизнесийн тал дээр Кувейт Монгол хоёр их сайн харилцаатай байдаг. Кувейт Катар хоёр чинь ойрхон. Катар Монголын энэ талын харилцаа холбоог нь сайжруулах санаатай байгаа.

-Ажлаасаа гадна та зун хөдөө явж амарна биз дээ?

-Зун мэдээж хөдөө Хөвсгөл явна. Найзуудтайгаа ярьсан байгаа. Их олон жил ярьсан юм аа. Дараа жил явна дараа жил явна гэсээр байгаад ерөөсөө явж чадаагүй. Тэгээд ярьж байсан юмаа энэ жил бүүр хэрэгжүүлэх гээд бэлтгэлээ эртнээс базааж байгаа. Машин унаагаа сайн бэлтгэж, бартаад замын сайхан дугуй авч тавьж байна. Майхан, сав суулга юмаа бэлдэж байгаад 14 хоног аялна гэж ярьж байгаа.

-Мэдээж зун тойргийн иргэдтэйгээ уулзаж, тойргийн ажлаа хийх байх. Тойргийнхоо өмнө тулгамдаад байгаа ямар ямар асуудлуудыг шийдэхээр төлөвлөж байна?

  -Тэгэлгүй яахав. Чингэлтэйн манай сонгогчид зарим нь амьдралтай танилцаач, ирж үзээч гээд хүсэлт тавиад байгаа. Иргэдийн маань амьдрал хүнд байгаа г ойлгож байгаа.

УИХ-ын гишүүний 500 саяын төсвийнхөө 70 саяд нь би тойргийнхоо сонгогчдод гэр болгож өгье гэж бодож байгаа. Үлдсэнийг нь цахилгаан шугам сүлжээ хүрээгүй, зурагт гардаггүй бөглүү газар цахилгаан шугамыг өөрийнхөө төсвөөс тавиулна. Зурагт гардаг өсгөгч байдаг юм бол тэрнийг нь тавиулна. Хотын дүүрэг гэхэд манай тойрогт ийм асуудал байсаар л байна.  Гол нь би бас Катар явах гээд байгаагийн гол учир нь Катарын олон улсын хөгжлийн агентлагтай холбоо тогтоож, Чингэлтэй дүүрэгт эмнэлэг барих зорилготой юм.

Манай Чингэлтэй газарзүйн зургаар харах юм бол хойшоо сунасан урт, алслагдсан дүүрэг шүү дээ. Чингэлтэйн дүүргийн дунд нь голд нь эмнэлэг бариулъя гэж бодож байгаа. Зураг төслийг нь хийчихсэн байгаа. Одоо тэгээд сайн санаат тэр хүмүүст очиж хөрөнгө мөнгө гаргаж өгөөч ээ гэж гуйх бодолтой явж байна.

-Шинэ ерөнхийлөгч маань Өршөөлийн тухай хууль санаачилж байгаа сурагтай?

-Би нэг асуудал дээр сэтгэл хангалуун байгаа. Миний ярьж байсан өршөөлийн хууль маань 7 сарын 1-ны үйл явдалд холбогдолтой бүх иргэдийг суллая гэсэн бодолтой байсан. Энэ бол улстөрийн өнгө аястай үйл явдал байсан гэж би анхнаасаа л харж байсан. Нэг ёсондоо ард түмний бослого л байсан шүү дээ. Энэ дарангуйлал, хээл хахууль, авлигал, шударга бус явдлын эсрэг л боссон ард түмний давлагаа байсан гэж би үзэж байгаа. Тухайн үедээ өршөөлийн хуулийг өргөн барья гэхээр ямар ч тохиолдолд МАХН унагаачих тийм нөхцөлтэй байсан.

Миний ярьж бодож байсан зүйл бас манай ерөнхийлөгч сонгуулийн үеэр өршөөнө өө гэж амлаж байсан. Тэгээд өчигдөр манай бүлэг дээр ерөнхийлөгчийн өршөөлийн хуулийн төсөл орж ирж байна л даа. Ерөнхийдөө агуулгаараа манай ардчилсан нам, миний өргөн барьж байсан хуультай утга агуулгаараа ижил байгаа. Манай ардчилсан ерөнхийлөгч маань анхны зарлигаараа 7 сарын 1-ны үйл явдалд оролцсон иргэдийг өршөөж, ардчиллын 20 жилийн ойгоороо буюу одоо энэ наадмаар хэлмэгдсэн улсуудыг эрх чөлөөнд гаргах гэж байна. Би үүнд маш их сэтгэл хангалуун байгаа. Миний өршөөлийн хууль өргөн баригдсантай ижил би баярлаж байна.

-Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа өршөөлийн хуульд 7 сарын 1-ны үйл явдалтай холбогдуулан баривчлагдсан бүх хүмүүсийг өршөөхөөр тусгасан байгаа юу?

-7 сарын 1-ны хэрэг явдалтай холбоотой тэр таван хүнийг буудаж алсан албан тушаалтануудаас бусдыг нь өршөөхөөр тусгасан.  За мөн тэгээд ардын хувьсгалын 88 жилийн ой болж байгаатай холбогдуулаад бас 7 сарын 1-ны хэргээр баригдсан хүмүүсээс гадна өөр хэргээр шоронд орсон хүүхэд эмэгтэйчүүдийг өршөөлдөө хамруулж гаргая гэж байна. Тэгэхгүй бол манай энэ өнөөдрийн эрүүгийн хууль харгис, хэрцгий гээд байгаа. Ялихгүй юман дээр л аваачаад хорьчихдог. Одоо энэ өрх толгойлж байгаа эмэгтэйчүүд байна. Хүүхдүүдээ бараг гудманд хаяад шоронд орчихсон эмэгтэй хүн хүртэл байгаа. Төр бас хатуу байх үедээ хатуу байг л дээ. Гэхдээ бас энэрэнгүй зөөлөн хандах зүйл дээрээ хандах хэрэгтэй. Ялангуяа шинэ ерөнхийлөгч маань энэрэнгүй хандаад өршөөлийн хууль санаачилж байгаад би үнэхээр дэмжиж байгаа.

-Тэгэхээр УИХ-ын энэ хаврын чуулган дуусахаас өмнө өршөөлийн хууль орж ирэх нээ. Яг хэдийгээр УИХ-д өргөн баригдах бэ?

-Тиймээ, УИХ-ын чуулган хаахаас өмнө батлагдана. Батлагдах ёстой ч гэж бодож байна. Төр чинь ерөөсөө  гол агуулга нь бол төмөр нүүрээ гаргаж чаддаг. Хэрвээ гаргасан бол энэрч бас чаддаг байх гэсэн зарчим үйлчилдэг байх ёстой. Хууль бол удахгүй энэ долоон сарын нэгнээс өмнө гаргачих болов уу гэж бодож байна. Ганц хоногийн өмнө ч гэсэн хүмүүс цэвэр агаар амьсгалах хэрэгтэй.

-Нээлттэй ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.