“Баянхонгор аймгийн бага олимп” эхэллээ
2012.08.09

“Баянхонгор аймгийн бага олимп” эхэллээ

Өнөөдөр Баянхонгор аймгийн спортын бага олимп эхэллээ.  Хонгор нутагт зохион байгуулагдах “Баянхонгорын бага олимп 2012” нь иргэдийн санаачлага дээр үндэслэн, уламжлал болон спортын өргөн үйл ажиллагаа болж өдийг хүрчээ.  Иргэдийн эрүүл амьдрах ёс, биеийн тамир спортоор хичээллэх идэвхи санаачилгыг хөхиүлэн дэмжиж урам зоригийг нь нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчиддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Мөн энэхүү спортын арга хэмжээний зорилгыг ханган биелүүлэхийн тулд Баянхонгор аймгийн иргэдийг өргөнөөр татан оролцуулах, спортын хувцас хэрэглэлээр хангах, уралдаан тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шилдэг тамирчдыг хөхиүлэн дэмжих, бусад аймаг сумдад үлгэр жишээ болохуйц, олон нийтийн спортын наадам болгох, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилтуудыг биелүүлэхээр олон байгууллага, хамт олон, мэргэжлийн тамирчид, багш дасгалжуулагч, шүүгчид ажиллаж байгаа юм.

 

Бага олимп өнөөдрөөс эхлэн гурван хоног үргэлжилж  Лондон-2012 олимпийн наадмын хаалттай давхацах аж. Тус наадамд спортын есөн төрөлд 28 баг, 756 тамирчин гурван өдрийн турш өрсөлдөх бөгөөд спортын мэргэжлийн шүүгчид тэмцээний төрөл тус бүр дээр урьдчилан бэлтгэсэн журмын дагуу шударга шүүхээр тангараг өргөх аж.

Нийт тамирчид 190 ширхэг медаль, гурван цомын төлөө өрсөлдөх бөгөөд төрөл тус бүр дээр алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, нийлбэр дүнгээр мөн адил цом олгохоор шийдвэрлэжээ. Спортын есөн төрөл буюу үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний дан болон хос төрөл, буухиа гүйлт, хүчний гурван төрөл дээр хүүхдийн хөлбөмбөг, нийтийн биеийн тамир гэсэн төрлүүд нэмэгдэж багийн дүнг гаргах аж.

 

Харин бэлэг тэмдгийн хувьд Олон улс, Үндэстэн, Таван тивийн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл болсон Олимпийн их наадмын бэлэг тэмдэг таван цагирагыг Баянхонгорын бага олимп, спортын наадмын бэлэг тэмдгээр ашиглах эрхийг МҮОХ-ноос авчээ. Мөн Монгол Улсынхаа төрийн далбааг спортын наадмын хойморт залж, нутгийн шүтээн тахилга болох цагаан заан унасан дарь эх бүхий Баянхонгор аймгийн сүлдийг өргөн дээдэлж, говийн баавгай мазаалайг олон хүн оролцсон Олимп наадмынхаа үеэр анхаарал хандуулж байгаль, ан амьтнаа хайрлах уриалгыг түгээх аж.

 

Харин медалийн хувьд их олимпийн наадамтай эн зэрэгцэхүйц байлгах үүднээс ур ухаан орсон, уран гоё хийцтэйгээр хийсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.