Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Чухал хуулийг яаралтай горимоор шийдвэрлэе гэж орж ирж байгаагийн эсрэг, хэлэлцэхгүй буцаах саналыг дэвшүүлж байна. Анх асуудал яаж босч ирсэн гэхээр Монгол Улс БНХАУ хоорондын хэлэлцээр байгуулж, хил дамнасан төмөр зам байгуулах чухал юм байна. Хэдийгээр манай талд хүн нөхцөлүүд байсан ч дэнсэлж үзээд шийдвэр гарган хэлэлцээр байгуулсан. Тэр хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд биржийн хуулийн 10.4 дэх заалт буюу Үнийг нь биржээр тогтооно гэдэг нь өөрөө зөрчилтэй учраас хасах шаардлага үүсчихэж байгаа юм. Тэгэхээр үүнийг хасахын тулд яаралтай хэрэгжүүлж байгаа юмуу? Гэдэг асуулт босч иртэл түүний араас түмэн янзын том асуудлууд ороод ирсэн. Эдийн засгаа аврах гээд байгаа санаа байгаа юмуу л гэж харагдаж байна. Орлого багасч, үнэ уналаа, төсөв хэцүүхэн байна. Төсөв тодотгох нөхцөл нь үүсээгүй юм гэхэд идэвхжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгөө олохын тулд энэ төслүүдээсээ буцахгүй. Ямартай ч цемент зуурч, нүхээ гаргаад юмаа хийх тул бүтээгдэхүүнээрээ бартердъя гэдэг юмыг оруулж ирлээ. Энэ бол маш том мөнгөний асуудал. Зөв бурууг нь дараа ярьж болно. Ажил хариуцсан ЗГ-ын хүмүүст хэцүү л байгаа байх. Гэхдээ биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах гол зорилго нь биш. Том зүйл орж ирж байгаа учраа яаралтай горимоор хэлэлцэж болохгүй. Тухайлбал, үнийн индексийн хувьд ойлгомжтой. Худалдаж авчихаад сар болно, хил хүрэх гэсээр байтал үнэ нь уначихаад байхаар хүмүүс орж ирэхгүй байна аа. Үүнд тохиргоо хийж болно. Гэхдээ тэр нь буцаж үйлчлээд мөнгийг нь төлчихсөн овоолчихсон байгаа нүүрсийг тооцвол хэдэн зуун сая доллар, их наяд төгрөг болно. Тэгэхээр үүнийг яагаад бид төлөх ёстой вэ? Бизнес хийж байгаа эрсдлээ хүлээсэн хүмүүс, татаж аваагүй төлбөр хийгээгүй тодорхой хэмжээний зохицуулалт оруулбал болох л байх. Гэхдээ үүнийг яаралтай горимоор 10.4 заалттай хамт шийдэж болохгүй. Энэ бол нийт монголчуудын мөнгө төгрөгийн асуудал.
Тээврийг худалдан авагч тал нь хариуцна. Энэ нь 2022 оны асуудал руу буцаагаад аваачиж байна. Хэр нөхцөлөөр нийлүүлье гэж ярьсан. Одоо буцаад тээвэр. Тээврийг худалдан авагч тал нь хариуцахаар өөрийнхөө л тээврийн компанийг оруулна шүү дээ. Монголбанкны мэдээг харахад гадаад худалдааны алдагдал үйлчилгээний салбарт 1,6 тэрбум доллар байгаагийн 1,3 нь тээвэрт. Монгол Улс тээврээ хийж чадахгүй байна. Монголын газар нутаг дээрх тээврийг дандаа гадныхан хийж байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
4 том оптик гэрээн дээр сая Chine Energy нэмэгдэж 5 болоод үндсэндээ өндөр чанарын коксжих нүүрс арилжаалагдахгүй үлдэж байгаа. Тэгэхээр биржийн үнэ цаашдаа бага байх нь тодорхой. Энэ нөхцөлийг шууд болон шууд бус байдлаар өөрсдөө бүтээчихээд бирж ажиллахгүй байна гэдэг нь буруу дүгнэлт. Үнэ унахаар мэдээж гүйлгээ нь багасч л таараа. Хамгийн гол нь төрийн өмчийн компани бүтээгдэхүүнээрээ солих юм чинь хямдхан л өгч таарна. Эцсийн дүндээ өөрсдөө хавханд ороод уул уурхай нүүрсний салбарыг тэр чигт нь унагаах хүнд нөхцөлд байна. Хэрэгцээ шаардлагыг нь ойлгож байгаа. Яаралтай горим гэдгийг татгалзах нь зөв. Яагаад яаралтай гэж оруулж ирснийг асууя.