Ч.Ундрам: АШУҮИС-ийн үйл ажиллагаа манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм
2025.04.17

Ч.Ундрам: АШУҮИС-ийн үйл ажиллагаа манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам болон байнгын хорооны зарим гишүүд өчигдөр /2025.04.16/ АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж сургуулийнхаа талаар товч танилцуулга хийснээр уулзалт, хэлэлцүүлэг эхэлсэн. Тэрбээр, АШУҮИС нь 1700 ажилтан, албан хаагч, 15 мянган оюутантай ажиллаж байна.  Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Архангай гэсэн 4 аймагт салбар сургууль бий. Архангай аймаг дахь салбар сургуулийг өргөтгөж, сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж байна гэдгийг онцлоод сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, онцлох хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулав. Тус сургуульд англи хэлээр эмч бэлтгэх, анагаах ухаан магистрын нэгдмэл хөтөлбөрүүдээс гадна МУБИС-тай хамтран “Эрүүл мэндийн боловсрол арга зүй”, ХААИС-тай хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. АШУҮИС төрийн өмчийн сургуулиудаас эрэмбээрээ дэлхийд 2568, азид 979, Монгол Улсдаа 2 орж байна. Манай сургууль 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна гэв.

Энэхүү танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар байр сууриа илэрхийлж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан ярилцав. Тухайлбал, тус байнгын хорооны дарга,

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил болгохоор Засгийн газрын түвшинд ярилцаж байна. Тиймээс боловсролын салбарын хөгжилд томоохон дэвшил гарна гэдэгт итгэж байна. АШУҮИС-ийн үйл ажиллагаа бол манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм. Тиймээс УИХ-ын байнгын хороо эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийхэд хамтран ажиллахын тулд танай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна гэв. 

Түүний дараа байнгын хорооны гишүүд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн амбулатори болон тасгуудаар явж үйл ажиллагааг нь сонирхлоо. Тус эмнэлгийн захирал М.Адилсайхан, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон сүүлийн үеийн тоног, төхөөрөмж зэргээ нэг бүрчлэн танилцуулсан. Монгол-Япон эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдаж, 2019 оны 6 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсын хувьд Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлсэн анхны эмнэлэг гэдгээрээ онцлог ажээ. Амбулаторийн үндсэн болон нарийн мэргэжлийн 28 кабинеттэй, 90 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа талаараа танилцуулаад 350 ортой шинэ эмнэлэг барих зураг төслөө боловсруулан, холбогдох яамтай хамтран ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.

Монгол анагаах ухааны олон улсын сургууль, хүрээлэнгийн захирал Ч.Батнайрамдал, Анагаах ухааны сургуулийн захирал Я.Энхтөр нар сургуулийн анги, танхим, лабораториудаараа явж танилцуулга хийв. Тухайлбал, тус сургуулийн Ур чадварын төв буюу англи хэлээр хүний их эмчийн хөтөлбөрөөр бэлтгэгдэж буй оюутнуудтай уулзлаа. Энэ хөтөлбөрт 312 гаруй оюутан суралцаж байгаагаас 9 орны 40 гаруй нь гадаад оюутан ажээ. Байнгын хорооны гишүүд эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай танилцсаны дараа санал, солилцож ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.