2025.05.12

Б.Тулга: Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг Оросын Холбооны Улстай хамтран боловсруулна

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Оросын Холбооны Улсын Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Дэд сайд Зверев Дмитрий Станиславович болон Дэд сайд Шило Алексей Николаевич нартай 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Москва хотноо албан уулзалт хийлээ. Уулзалтаар "Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх, Монгол, Оросын хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, тээвэр, логистикийн чиглэлийн асуудлуудаар өргөн хүрээнд хэлэлцлээ.

  • Азийн автозамын сүлжээний АН-3, АН-4 чиглэлийг идэвхтэй ашиглах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, транзит тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд талууд онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцов.
  • Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг сайжруулах, Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг байгуулах хүрээнд Эрээнцав-Соловьевск төмөр замын ачаа болон зорчигч тээврийн боомтыг олон улсын зэрэглэлтэй болгож хилийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд тохирч, дипломат шугамаар ойрын хугацаанд шийдвэрлэхэээр болов.
  • Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр ази, европыг холбосон томоохон транзит тээврийн коридорын хүрээнд Арцсуурь- Цагаантолгой төмөр замын боомт шинээр бий болгох асуудлыг цаашид хамтран судлах шаардлагатайг монголын тал илэрхийлэв.
  • Мөн Монгол орны баруун бүсийн боомтуудаар нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хамтран судлахаар тогтов.

Цаашид талууд хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, боомтын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, боомт руу чиглэсэн дэд бүтэц зэрэг асуудлуудыг хамаарсан бодлогын баримт бичиг буюу “хамтарсан замын зураглал”-ыг богино, дунд, урт хугацаанд төлөвлөн боловсруулж, хэрэгжүүлэхээр тохиров.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа